2011/12/31 | By: Дэлдэн

Орон орны шинэ жил

Аргын тооллыг баримтлагч баруун зүгийн орнууд жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нийг ирж байгаа шинэ оны угтал болгон тэмдэглэсээр иржээ. Манай орны хувьд билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг шинэ оны эхэн гэж бэлгэдэн тэмдэглэсээр хэдэн зууныг үзжээ. Тэгэвч өнгөрсөн зууны хориод оны эцсээс аргын тооллын шинэ жилийг тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Шинэ жилийг анх тэмдэглэж эхлэхдээ хойд туйлын цагаан сахалтай өвгөн цасан охидын хамт ирж бэлэг тараадаг байсан бол сүүлийн хэдэн жилээс цагаан сахалтай улаан хувцастай залуус тэрхүү өвгөнийг орлох болов. Санта Клаус айл гэрээр орж бэлэг тараагаад дуулж бүжиглэх нь бий. Энэ мэтээр шинэ жилийг угтах тэмдэглэх ёс, улс улсын аж төрөл, зан үйл дэлхий дахины жишигтэй холбоотой болсон байна. Ингээд дэлхийн зарим улс оронд шинэ жилийг яаж угтаж, хэрхэн тэмдэглэдэг тухай сонирхуулъя.



Англид:
Шинэ жилээр “Fatter new year” гэгчид захиа бичдэг, түүндээ зөвхөн бэлэг сэлтийн зүйл төдийгүй хүсэл бодлоо ч илчилнэ. Бичсэн захиагаа пийшиндээ хийж шатаадаг аж. Пийшингээс гарч байгаа утаа шинэ жилийн эцэгт захисан бүгдийг хүргэдэг гэж тэд үздэг байна. Энэ нь уламжилсаар бие биедээ шинэ оны мэнд дэвшүүлсэн ил захидал бичих болсон гэнэ.
Болгарт:
Цагийн зүү шөнийн 24-ийг голлоход бүх айл хоромхон зуур гэрлээ унтрааж, бие биеэ үнсдэг аж. Дараа нь гэрийн эзэгтэй зоос, сарнай цэцгийн иш нуусан бялууг гэр бүлийнхэндээ хүртээнэ. Зоос таарвал эд баялагтай, сарнайн иш таарвал хайр сэтгэлтэй учирна гэж үздэг. Бас шинэ жилийн урд өдөр хүүхэд залуус сөөг мод бэлтгээд түүгээрээ найз нөхдөө гижигдэж баярын мэнд хүргэдэг гэнэ.

Бирмд:
Шинэ жилийг дөрөвдүгээр сарын хамгийн халуун өдөр тэмдэглэдэг. Баяр ихэвчлэн өдөр үргэлжилдэг бөгөөд “усны наадам” голлох цэнгээн нь болдог. Өнгө алаглуулан чимсэн машинууд дүүрэн устай торхыг тээж гудамжаар баярын жагсаалд оролцогчдыг шүршин зугаацуулдаг аж.
Италид:
Хуучин хэрэгцээгүй эд хогшлоо шинэ жилийн босгон дээр цонхоор гадагш чулууддаг заншилтай. Энд өвлийн өвгөн биш цасан охин бэлэг тараадаг байна. Ер нь шинэ жилээр бэлэг сэлт өгдөг уламжлал эртний Римээс эхтэй гэнэ. Анх бие биедээ мөнх ногоон модны мөчир бэлэглэдэг байснаа сүүлдээ мэндчилгээ дэвшүүлсэн “Аз жаргалтай элбэг баян шинэ жил ирэх болтугай” гэсэн ил захидал, заримдаа урт шүлэг, эд агуурсын зүйл ч өгөх болжээ.
Ойрхи дорнодынхон: Шинэ жилийг өргөн тэмдэглэдэггүй боловч олон улсын жишиг дагаж инээж баясч алиалж наадахыг чухалчилдаг. Шүд өвдөхөд хэрэглэдэг цэцэгт ургамлын буурцгийг алиа хошин хүнд өгч тэр нь алиалж инээж нааддаг байна.

Францад:
Шинэ жилээр айлд уригдсан зочид тэр гэр бүлийнхэн анхаарал тавьсны тэмдэг болгож хэрчим мод авчирдаг гэнэ.
Орост:
Шинэ жилийг угтан хүүхдүүд цасан хүн хийж тойрон бүжиглэдэг. Хамгийн сүүлд хайлсан цасан хүн хийсэн хүүхдийг хамгийн азтайд тооцдог.

Өмнөд Африкт:
Шинэ жилийн баярыг голдуу ургацын баяртай хамт тэмдэглэдэг. Омог омгоороо ойн цоорхойд цугларан хагас дугуй хэлбэрээр суухад омгийн ахлагч нь бүжиг хийж дуусаад гартаа барьсан хулууг хага шидэхэд хүн бүр түүний хэсгээс амсан эцтэлээ бүжиглэдэг байна.

Румын:
Жижиг тоглоом, зоос, бөгж, чинжүү хийсэн хуушуур хайрдаг. Чинжүүтэй хуушуур хазсан хүний нулимс гүйлгэнэхэд бусад нь инээж хөгждөг. Зоос, бөгжтэй хуушуур таарсан хүнийг азтайд тооцдог.

Панамд:
Шөнө талбайд хүмүүс хашгиралдан, машин дуу дуугаа авалцан чагнаалдаж их чимээ дэгдээнэ. Энэ нь шинэ онд муу зүйлийн сүнс байлгахгүй гэж хөөж байгаа агуулгатай ажээ.

Судан:
Шинэ жилээр нийтийг хамарсан бүжиг наадам хийдэг. Мөн үндэстнүүд өөр өөрийн бүжгийг хийхийн зэрэгцээ насанд хүрэгсэд хүүхдийн дуу дуулж өндөр настныг олны өмнө урьж баяр хүргэдэг гэнэ.

Финлянд:
Өвлийн өвгөн айлд зочлоод “Энд томоогүй хүүхэд бий юу” гэж асууна. Тэгээд зөвхөн дуулгавартай хүүхдэд бэлэг өгдөг гэнэ. Финчүүд шинэ жилийн шөнө сармисыг зөгийн балтай хольж иднэ. Нөхөрт гарах охид нуруугаараа хаалга налан зогсоод гутлаа тайлан мөрөөрөө давуулж шиднэ. Гутал нь хаалга хамраараа мөргөж унасан бол гарч байгаа онд хурим болно гэж бэлгэддэг ажээ.

Шотландад:
Шинэ хуучин жил солигдоход торхон дотор давирхай шатааж гудамжаар өнхрүүлдэг. Тэг цаг болмогц гэр бүлийн хамгийн нэр хүндтэй хүн нь хэсэг зуур үүдээ онгойлгодог. Энэ нь шинэ оныг гэртээ урьж байгаа хэрэг гэнэ. Айлд шинэ жилийн өглөө хамгийн түрүүн орж ирсэн хүнийг аз жаргал авчирлаа гэж хүндэтгэн зочилдог байна.

Унгар:
Шинэ жилд зориулсан идээ будаалганд шувууны мах огт тавьдаггүй. Эртний уламжлал ёсоор шинэ жилээр шувууны мах идвэл тэр хүний аз жаргал нисээд явчихдаг гэж үздэг.

Хятадад:
Шинэ жилээр мянган дэнлүүний баяр хийж, гэрэлд тэсэрч, оч үсэргэдэг тоглоомоор нааддаг. Энэ нь тэсэрдэг тоглоомоор муу зүйлийг айлган хөөж, хүний амьдралын замыг гэрэлтүүлж байгаа бэлгэдлийн утгатай ажээ.

Энэтхэгт:
Шинэ жилийг шөнө дунд биш наран мандахад угтдаг. Хувцсаа ягаан, улаан, цагаан өнгийн цэцгээр хаалга цонхоо гэрлээр чимж, эелдэг зантай байхыг хүн бүр эрмэлзэнэ. Уурлаж маргасан хүн жилийн турш өөдлөхгүй гэж үздэг. Тийм учраас босгоныхоо өмнө зочломтгой эзний тэмдэг болгож өнгөт зураг тавьдаг байна. Он солигдох шөнө, хүүхдүүдэд өгөх бэлгээ тусгай тавиур дээр бэлтгэнэ. Шинэ оны өглөө хүүхдүүд нүдээ анин очиж тавиур дээрээс бэлгээ авдаг заншилтай. Шинийн нэгний өглөө энэтхэгчүүд аз жаргалын бурхан лашмид мөргөдөг.

Японд:
Шинэ жилээр гэрийнхээ үүдийг бэрсүүт жүрж болон нарсны төрлийн модоор чимэглэдэг. Энэ нь урт удаан амьдрал, аз жаргал, эрүүл мэндийг бэлгэдсэн утгатай. Он солигдох мөчид сүмүүд 108 удаа харанга хэнгэрэг дэлдэнэ. Хүүхдүүд бодол санаагаа шингээн зурсан зургаа дэрэн дороо хийж угтана. Шинэ оны өглөө гоёлынхоо хувцсыг өмсөөд сүмд мөргөдөг. Баярын хоолонд урт нарийн гоймон, цагаан будааны жигнэсэн вандуй иднэ. Гоймон нь урт наслахын, жигнэмэг нь элбэг дэлбэг байхын, вандуй нь эрүүл энхийн бэлгэдэл гэнэ. Хамаатан садан, хамт олон, найз нөхөддөө шинэ гарч байгаа онтой тохирох амьтны зурагтай мэндчилгээ илгээдэг байна.

Швейцарь:
Австрийн багт наадмын хувцас өмсч өөрсдийгөө Сильвестр Клаус гэж нэрлэнэ. Энэ нь Ромын хамба лам Сильвестрын тухай эртний домогтой холбоотой ажээ. Домогт далайн аймшигт мангасыг хамба лам Сильвестр /313 он/ устгасан тухай өгүүлдэг. 1000 он гарахад мангас дахин амилж ертөнцийг сөнөөж өшөөгөө авна гэж үздэг байжээ. Тэр мөчид хүмүүс баг өмсч мангастай тулалдахад бэлтгэсэн боловч ямар ч муу үйл тохиолдоогүй ажээ. үүнээс хойш шинэ жилийг угтсан багт наадам зохиох болжээ. Шинэ жилийн /31-ний/ үдэш хүмүүс асч байгаа лааны дүрс бүхий хувцас өмсөөд мангасыг хөөж байгаа дүр үзүүлэн тоглодог байна.

Шведэд:
Шинэ жилээр найз нөхдийнхөө үүдэнд аяга таваг хагалдаг. үүдэндээ хамгийн олон аяга таваг хагалуулсан хүн туйлын азтайд тооцогддог.

Кубад:
Шинэ жилийн шөнө цагаа зогсоодог гэнэ. Энэ нь шөнийн 24 цаг болж байгаа дохионоос цээрлэдэг нөгөөтэйгүүр шинэ жилээр цаг ч гэсэн амрах ёстой гэсэн үзэлтэй нь холбоотой ажээ. Шинэ жилийн босгон дээр кубачууд хундаганд ус дүүргэж, шөнө дунд болонгуут цонхоороо асгадаг. Энэ нь шинэ жилийг ус мэт тунгалаг байх ёстой гэсэн бэлгэдэл юм.

Иранд:
Шинэ жилийг гуравдугаар сарын 25-ны шөнө дунд угтана. Энэ үеэр баярын бууны дуу нижигнэнэ. Насанд хүрэгсэд гартаа мөнгөн зоос барих бөгөөд энэ нь ирж байгаа жилийн турш төрөлх нутгаасаа холдохгүй байхыг илэрхийлсэн эртний домогтой холбоотой ажээ. Иранчууд шинэ жилийн эхний өдөр гэрт байгаа хуучин шавар сав суулгаа хагалж шинэчилдэг заншилтай гэнэ.

Индонезид:
Жирийн байдлаар тэмдэглэдэг аж. Суматра арлын ойд 10 кг хүрэх жинтэй, муухай үнэртэй аварга том цэцэг ургадаг байна. Тэр цэцгийг баярын өдөр согтсон хүнд үнэртүүлж сэргээдэг гэнэ.

Израильд:
Алим, зөгийн бал бүхий баярын ширээ засч шөнөжин бүжиглэдэг. Шинэ жил арав хоног үргэлжлэх бөгөөд энэ үеэр нүглээ наминчилж бурханд мөргөл үйлддэг гэнэ.

Грект:
Христосын мэндэлсэн өдөр гэдэг утгаар өргөн тэмдэглэдэг. Гол нь юм бүхнийг цэвэр цэмцгэр, үзэмжтэй байлгахад зориулдаг. Тухайлбал, Афин хотыг чимэглэхэд 100-300 мянган гэрэл, 60 км дарцаг болон бусад чимэглэл хийдэг бөгөөд “үндсэн хуулийн” гэж нэрлэгдсэн төв талбайдаа хамгийн өндөр модыг чимэглэн засдаг байна.

Германд:
Шинэ жилийг голдуу гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ. Хуучин оныг үдэх мөчид гэр бүлийнхэн цуглаж нэг нэгэндээ бэлэг өгдөг. Тэдний нэг онцлог нь 12 сарыг төлөөлүүлэн 12 сонгинын үндсийг ухаж аваад давс хийж тавьдаг. 12 цаг болоход согиноо үзэхэд аль сарынх нь давсыг бүгдийг уусгасан бол тэр сарыг хур бороотой , уусгаж чадаагүй нь гантай болно гэж таамагладаг.

Гвинейд:
Шинэ жилийн баярын өдөр гоёмсог нөмрөгтэй заан хөтлөн хотын гудамж талбайд гараад заанаа тойрон бүжиглэдэг гэнэ.

Бразильд:
Ойд ургадаг модны сүүг /нэг удаа 2-4 литр сүү гардаг/ шинэ жилийн өмнө ууж жирийн даруу байдлаар тэмдэглэнэ.

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment