2012/08/30 | By: Дэлдэн

Би юу хийж чадах хүн бэ? Би бүтээлч хүн мөн үү?

Хүний бүтээлч чадавхи олон талын төгс төгөлдөр мэргэшил, эсвэл авъяас чадвараар тодорхойлогддоггүй байна. Жүжгийн зохиолч Жорж Бернард Шоу үсгийн алдаа маш их гаргадаг байж. Бэнжамин Франклин тоондоо их муу, Альберт Эйнштэйн ч бас хэлний хичээлүүддээ тааруу байсан ба нилээн мартамхай гэж хэлэгддэг байж. Сэтгэн бодох чадвар ч дангаараа бүтээлч эсэхийг тодорхойлдоггүй юм. Өндөр сэтгэн бодох чадвартай боловч бүхэл амьдралынхаа туршид ямар ч бүтээлч зүйл туурвидаггүй хүн маш олон байдаг ба бага IQ-тэй ч он удаан жил бүтээлчээр ажиллаж амьдарч чаддаг хүн мөн олон байдаг байна.


ТЭГВЭЛ ЯМАР ХҮНИЙГ БҮТЭЭЛЧ ГЭХ ВЭ? БҮТЭЭЛЧ ХҮМҮҮС ЯМАР ШИНЖ ЧАНАРУУДТАЙ БАЙДАГ ВЭ?
Харвард Их Сургуулийн сэтгэл судлаач Пэркинс 1981 онд хийсэн судалгаанаасаа бүтээлч хүмүүс зургаан нийтлэг шинж чанарыг агуулсан байдаг ба энэ шинж чанаруудын хоорондын уялдаа холбооноос бүтээлч хүн төрдөг гэж тогтоожээ. Тэрээр бүтээлч хүн бүр энэ зургаан шинж чанарыг агуулсан байдаггүй боловч энэ шинж чанаруудыг их хэмжээгээр агуулсан байх тусмаа тэр хүн илүү бүтээлч байдаг гэж бичжээ. Түүний зургаан шинж чанар гэдэг нь:
1. Залхуугүй зан чанар
Залхуугүй зан нь ээдрээтэй олон талт асуудал, тодорхойгүй байдал болон хоорондоо зөрчилдөөнтэй мэдээллийг хүлээн авч боловсруулах, дүгнэх, шийдвэр гаргах чадвартай нягт холбоотой. Бүтээлч хүн ийм ярвигтай асуудлуудад хүлээцтэй, нээлттэйгээр ханддаг ба иймэрхүү асуудлыг харин ч дотроо уриалан дуудлага авсан мэт хүлээн авдаг гэнэ. Тэд ямар нэгэн асуудалд анализ хийж, хамгийн гол цэгийг нь олж тогтоох дуртай бөгөөд өөрсдийнхөө амьдралын утга учрыг ч олж тогтоох, хүрээлэн буй юмсын уялдаа холбоог олох, тэдгээрийг ойлгомжтой болгон хялбарчлах хүсэл эрмэлзэл дүүрэн байдаг. Ийм ч учраас тэд олон талын мэдээлэлтэй харьцан, бүрхэг зорилготой ч болов ажиллаж, шинэ санаа, шийдвэр олж, өөрчлөлт хийхийн төлөө тэмцэхдээ дуртай байдаг.

2. Асуудлыг зөвөөр тодорхойлох чадвар
Гоц бүтээлч хүмүүс юуны өмнө асуудлыг зөвөөр тодорхойлоход жирийн хүмүүсээс хавьгүй илүү цаг зарцуулдаг болохыг сэтгэл судлаачид тогтоожээ. Асуудлын голыг олж тодотгож, юу мэдэх гээд байгаагаа зөв тодорхойлох нь маш чухал. Тухайлбал тооны бодлогын яг асуугаад байгаа зүйл болон өгөгдлүүдийг нь сайн ойлгох, тэдгээр нь хоорондоо авцалдаатай байгаа эсэх зэргийг бодлогоо бодож эхлэхээсээ өмнө сайн эргэцүүлж ажиглана гэсэн үг юм. Энэ алхамын дараа л асуудлынхаа олон янзын шийдлүүдийг хайж эхэлдэг байна. Зөв асуултыг гаргаж тавьснаар бид бүтээлч хариултууд, шинэ нээлтүүд хийж чадна. Харин асуултаа буруу тавибал хариугаа хэзээ ч олохгүй.

3. Уян хатан сэтгэлгээ
Бүтээлч хүн урьдах асуудлаа олон талаас нь харж чаддаг бөгөөд зөвхөн өөрийн үзэл бодлоос гадна бусдын дэвшүүлсэн саналыг ч нээлттэйгээр хүлээн авч нухацтайгаар бодож чаддаг. Тэрээр нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ойлголтуудын үнэн эсэхийг шалгах дуртай. Энэ чадвар нь тогтсон хэв маяг, горим журманд шүүмжлэлтэйгээр хандахад хэрэг болдог байна.

4. Азаа сорих зориг
Ямарваа нэг зүйл хийж байгаа хүн бүтэлгүйтэх, эсвэл шийдлийг амжилттай олох хоёрын хоорондох зааг дээр л ихэнхдээ ажиллаж байдаг. Бүтэлгүйтэлд хэн ч дургүй боловч, бүтээлч хандлагаар бол үүнийг өөрийнхөө зорилгод хүрэх замын нэгээхэн хэсэг гэж хүлээж авна. Өөрсдийн бүтээлч чадавхиа эцсийн дуслыг нь хүртэл шавхан ажиллаж, азаа сорьсноор бид үр дүнд хүрэх магадлалаа өсгөнө. “Долоо дордож найм сэхнэ” ч гэдэг. Бүтээлч хүн шинэ талбарт гарч, шинэ бололцоог нээх эрмэлзэлдээ хөтлөгдөн азаа сорьдог байна. Бүтэлгүйтэхээс эмээгээд суугаад байвал бид хэзээ ч мөрөөдөлдөө хүрч, хүссэн зүйлээ хийж чадахгүй шүү дээ.

5. Асуудалд бодитойгоор хандах чадвар
Хэрэв бүтээлч хүн маань асуудалд бодитойгоор хандаж чадахгүй бол түүний бүтээлч эсвэл шизотой эсэх нь ялгагдахгүй байх болов уу. Бодитойгоор хандах гэдэг нь зөвхөн өөрийнхөө л бодлыг ургуулан хөгжүүлээд явахаас гадна бусдын зөвлөгөө, шүүмжлэл, санааг сонсч байхыг хэлнэ. Бүтээлч хүн гэдэг зарим хүний боддог шиг орь ганцаардмал хүн биш юм. Тэдэнд бусдын учир шалтгаант шүүмжлэл, санаа оноо хэрэгтэй байдаг. Ингэж асуудалд обьектив буюу бодитойгоор хандсанаар ямар ч шүүмжлэл, хариу авч сайжруулаагүй бүтээлээс хавьгүй боловсронгуй бүтээл гарч ирнэ.

6. Хүсэл эрмэлзэл, бат итгэл, өөрийгөө цэнэглэх чадвар
Пэркинсийн энэ зургаа дахь шинж бол олон судлаачдын үздэгээр хамгийн чухал шинж чанар юм. Бидний хийж буй зүйлд зөвхөн гадны зорилго болох мөнгөн үнэлэмж, цалин, эсвэл одон медалиас гадна уг зүйлийг хийх өөрийн дотоод тэмүүлэл, авч буй таашаал байх хэрэгтэй. Альберт Эйнштэйн нэгэн найздаа “Миний өдөр тутмын тэмцэл, хүчин чармайлт ямар нэгэн зорилго эсвэл мөрийн хөтөлбөрөөс үүсэн гардаггүй, харин өөрийн минь шууд хэрэгцээнээс үүдэн гардаг” гэж хэлсэн байдаг. Энэ нь уг хүнд өөрийн бодсон зүйлээ хийхгүй суух тэвчээр хүрэхгүй, бүтээлч чадавхиа шавхан хийх сэтгэлийн хүч дотроос нь оргилон гарч ирдэгийг хэлж байна гэж би ойлгож байна. Хийж бүтээх өөрийн дотоод хэрэгцээ, бат итгэлгүйгээр, зөвхөн гадны ямар нэгэн шагнал урамшууллаар хүн хүчээр нэг хэсэгтээ бүтээлчээр ажиллах боловч ийм байдал удаан үргэлжилбэл тэр хүний бүтээлч чадавхи хатаж үгүй болно.

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment