2011/10/27 | By: Дэлдэн

Гадаад хэлний шинэ үг цээжлэх хөгжилтэй аргууд


“Дургүйд хүчгүй” гэгчээр, нэгэнт сонирхолгүй санагдсан зүйл хичнээн чухал байсан ч хүний толгойд цээжлэгддэггүй. Дүрмийн хатуу ном уншиж суухын оронд уралдаант тоглоом тоглож, өнгийн картан дээр бичих зэрэг дараах хөгжилтэй аргуудаар үгийн сангаа баяжуулах нь хамаагүй үр дүнтэй.
Гадаад хэлний шинэ үг цээжлэх хөгжилтэй аргууд

1. Картууд дээр бичих
Жирийн уйтгартай толь бичиг харан суухын оронд гар аргаар хийсэн өнгийн карт ашиглаж үг цээжлэх нь илүү сонирхолтой, амар хялбар юм. Хоёр талдаа өөр өөр өнгөтэй, хатуувтар цаасыг 4x6 инчийн хэмжээтэй тэгш өнцөгт хэлбэртэйгээр хайчлана. Олон байх тусмаа сайн. Тэдгээр хайчилсан картныхаа нэг талд сурах гэж буй шинэ үгээ, дуудлагатай нь нөгөө талд нь тэр үгний орчуулгыг, утгатай нь бичээрэй. Наад зах нь 50 ширхэг шинэ үгийг ийн бичээд, цааснуудаа бүдүүн утас ашиглан холбоорой. Чөлөө зав гарах тоолондоо картуудаа харж, нэг нэгээр нь цээжилнэ. Хэрэв энэ арга танд үр дүнтэй санагдвал дахин 50 үгийг ийм маягаар тогтоогоорой. Хэдэн сарын дараа гэхэд та багц дүүрэн шинэ үгийг оюундаа нэмэрлэсэн байх болно.

2. Үгийн сүлжээ бөглөх
Интернэтээс үнэгүй үгийн сүлжээнүүдийг хэвлэн аваад, ажлаа, эсвэл хичээлээ тарж гэртээ очсон хойноо бөглөөрэй. Магадгүй та эхлээд “easy” буюу “хялбар” гэдэг түлхүүр үгийн тусламжтайгаар амархан бөгөөд үр өгөөжтэй үгийн сүлжээнүүдийг олж болох юм. Ингэх нь таныг ямарваа үгийг утга, тайлбараар нь хөөж олох чадварыг нэмэгдүүлнэ. Хичээнгүйлэн бөглөсний эцэст бүх нүдийг нь дүүргэсэн үгийн сүлжээгээ хараад, бахдалтай нь аргагүй инээмсэглэх ямар сайхан гэдгийг та юу эс андах вэ.

3. “Hangman” тоглох
Та найзууд, гэр бүл, ажлын газрынхантайгаа завсарлагаа, цайны цагаар “hangman” тоглож оюунаа сэргээгээрэй. Гол нь таны хамт тоглох хүмүүс таньтай адил гадаад хэлний үгийн сангаа дээшлүүлэх хүсэлтэй байх ёстой. Таны хамт олон, багийн бүрэлдэхүүний гишүүд өдөр бүр шинээр олж мэдсэн 5 сонирхолтой үгээ ажил дээрээ ирээд таалгадаг байвал ямар вэ? Өөрсдийгөө сорьсон ийм уралдаант тоглоомууд таны стрессийг тайлахаас гадна мэдлэгийг дээшлүүлнэ. Хэл сурна гэдэг “толгой өвтгөсөн” ажил байхаа больсон юм шүү.

4. Дуу хураагуур дээр бичиж авах
Гар утасныхаа дуу хураагуур дээр, шинээр цээжлэх үгсээ чангаар хэлж бичээрэй. Нэг үгийг хурдан, удаан, үеэр нь салгасан гээд гурван хэлбэрээр хэлж хадгалвал бүр сайн. Үг бүрийн дараа монгол утгыг нь хэлэхээ мартуузай. Өөрийнхөө хоолойгоор үг сонсох нь танд илүү ойр дотно санагдах тул, хурдан тогтоогдох болно. Энэ нь ялангуяа сонсголын ой сайтай хүмүүст илүү тохирно. Жишээ нь та нэг сонссон дууныхаа үгийг өөрийн мэдэлгүй цээжилчихдэг бол энэ аргыг туршаад үзэхийг зөвлөе.

5. Найзууд, гэрийхэнтэйгээ шинэ сурсан үгээ оролцуулж ярих
Яг гурван удаа л хэрэглэчих. Тэгээд л таны цээжинд аяндаа ороод ирнэ. Шинэ үгийг цээжлэх хамгийн үр дүнтэй арга бол түүнийгээ өдөр тутмын үг яриандаа хэрэглэх юм. Хэрэглэж заншихгүй юм бол таны цээжилсэн үгс нэг мэдэхэд л мартагдчихна. Жишээ нь, англи хэлний “cool”, “nice”, “like” зэрэг үгсийг манай залуус өргөнөөр хэрэглэдэг. Ийм төрлийн үгс байнга хэрэглэгдэх чанартай учраас хамгийн хурдан түгэн дэлгэрдэг юм.

6. Үгийг дотроо хөгжилтэйгөөр ургуулан бодох
Шинэ үгийг үеэр нь салгаж унш. Тэгээд эхний, эсвэл төгсгөлийн үе нь дангаараа ямар утга илэрхийлж байгааг бодож олоод, түүнийг үгийн үндсэн утгатай холбож ойлгож болно. Жишээ нь: peacock буюу англиар тогос гэсэн үгний эхний “pea” үе нь вандуй гэдэг утгатай. Тэгвэл тогос шувууны толгой вандуйны хэлбэртэй төстэй гэдгийг та анзаарч байсан уу? Эсвэл дуудлагыг нь албаар хатуу болгож хэлээд үзээрэй. Монгол үгтэй төстэй сонсогдож болох юм. Жишээ нь bold гэдэг үгийг “монголчилж” уншвал Болд хэмээх хүний нэртэй яг ижилхэн дуулдана. Энэ мэтчилэн ургуулан бодох чадвараа ашиглаж үг цээжлэх нь маш хөгжилтэй, энгийн арга юм.

7. Дуу зохиох
Та нэг өдөрт 25 шинэ үг цээжлэх зорилго тавьсан байлаа гэж бодъё. Тэгвэл тэр 25 үг тус бүрийнхээ хойно монгол утгыг нь оруулаад, өөрийнхөө дураар ая зохион, дуу болгох гээд үзээрэй. Жишээ нь “Маамуу нааш ир”-ийн аялгуун дээр “Peacock тогос notebook дэвтэр apple алим...” зэргээр дуулж болно. Аянд нь мөн сайн тохирч байгаа биз? Ямар ч үгнүүд ямар ч аян дээр тохирох болно.

8. Нүдэнд харагдахуйц газар бичиж тавих
Ариун цэврийн өрөө, компьютерийн дэлгэц, хоолны ширээний хулдаасны доор цөөн хэдэн шинэ үгийг бичиж тавиарай. Энэ арга нь таны нүдэнд тэдгээр шинэ үгнүүдийг дасгаж цээжлүүлэх учиртай юм. Эсвэл хөргөгчин дээрээ “refrigerator”, зурагтынхаа удирдлаганы ард “remote-control” зэргээр нааж, ажлын төлөвлөгөө, хичээлийн хуваарь, бичиг баримтын хавтасны хаяг, компьютер дээрх эд зүйлсээ гадаадаар бичиж байгаарай. Амьдралынхаа бүх талбарт сурсан шинэ үгээ нэвтрүүлээрэй.

9. Ном, өгүүллэг унших
Интерном, “Majestic” зэрэг номын их дэлгүүрүүдэд гадаадын сонгодог болон орчин үеийн зохиолууд эх хэлээрээ зарагддаг. Та тэдгээрээс сонголтоо хийгээд чөлөөт цагаараа уншигтун. Гол нь таны сонирхдог жанрын ном байх ёстой. Унших явцад мэдэхгүй үг гарч ирвэл, эхлээд өгүүлбэрийг нь бүтнээр нь уншиж үгийн утгыг таамаглаарай. Дараа нь толь бичгээс харж таамгаа хир үнэн байгааг заавал баталгаажуул.

10. Хуанли ашиглан цээжлэх
Ширээнийхээ, эсвэл хананы урж авдаг хуанлины хоног тус бүрийн цаасан дээр нэг нэг шинэ үг бичиж орхи. Тэр календар дээр таны ажлын төлөвлөгөө тэмдэглээстэй байдаг бол бүр сайн. Та түүнийг өдөрт маш олон удаагийн давтамжтайгаар харна гэсэн үг. Ийм аргаар сард 30, 2 сард 60 үг цээжлэгдэнэ. Дэндүү хялбар санагдаж байвал нэг хоногийн цаасан дээр хоёр үг бичээрэй.

Зөвхөн англи ч биш, орчин үед эрэлттэй байгаа хятад, япон, солонгос, араб, франц, герман зэрэг хэлнүүдийн шинэ үгийг ч бас дээрх аргуудыг ашиглан цээжилж болно.
Та өөрийн шинэ үг цээжилдэг аргаасаа хуваалцаач?
Эх сурвалж:  Гоолингоо.мн

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment