2011/11/24 | By: Дэлдэн

Trade - Эрээн явж наймаа хийх үү? Боломжын шүү!!!


Эрээн явж наймаа хийх талаар бодож байгаагүй хүн гэж байдаггүй байх. Надад энэ маш боломжийн санагддаг. Хэрвээ та оюутан бол том наймаа гэлгүйгээр тэрүүхэндээ бяцхан аянд явахад бүх зардал энээ тэрээгээ олоод дээрээс нь өөрийгөө үнэгүй хувцаслачих боломжтой л юм билээ. Мэдээж та хэр хэмжээний мөнгө эргэлдүүлэхээс шалтгаална.

Та мэдэх байх наран туул дээрх, хорооллын дэлгүүрүүд дэх, ер нь Улаанбаатар хотын дундаж дэлгүүрүүдэд зарагддаг бүх бараа эрээн хотод байдаг ба үнийн хувьд ерөнхийдөө 2 дахин хямд эсвэл 30 хувиар хямд байдаг байна. Мөн та тухайн үнээс нь овоо буулгаж авах боломжтой. Харин энийг таны авъяас л мэднэ. Дундаж дэлгүүрүүдээр 40 000 гэж байгаа өмд, 35 000 гэж байгаа цамц энэ бүгдийг эрээнээс оруулж ирдгийг би харсан. Тэр байтугай Улаанбаатар дахь эртний эдлэлийн дэлгүүрт байсан бараанууд Эрээний нэгэн лангуун дээр хөглөрч байгааг хараад их гайхаж билээ. 

Хамгийн гол нь та биедээ авч яваа бараанууддаа огтхон ч татвар татаас төлөхгүй ба даахынхаа хэмжээгээр нэг том цүнхэнд хийж бариад богондоо авч суугаад л болох юм. 
Надтай богонд таарч хууч хөөрсөн оюутан залуу 400аас 500 мянган төгрөгтэй яваад дажгүй загвартай хувцаснууд авчихдаг. Ирээд найз нөхөд хамаатан садандаа мөнгө нэмээд зарчихдаг, тэгээд зардлын мөнгө болон өөрт авсан хувцасныхаа мөнгийг гаргачихдаг. Зарах тал дээр ангийнх нь хүүхдүүд бараг л алалцаад барааг нь дуусгадаг гэсэн. Өөрөөр хэлбэл өөрийгөө үнэгүй хувцаслачих тухайгаа ярьж байсан. Хичээлийнхээ амралт бүрээр явдаг, яваад сурчихсан залуус их олон байдаг юм билээ.

Мөн та гэртээ шинэ тавилга олноор авах гэж байгаа бол өөрийн үйлчилгээний (bar, restaurant, pub, cafe) газрыг тохижуулах гэж байгаа бол эргэлзэх зүйлгүй эрээнийг зориорой. Мишээл экспо гээд тавилгын томоохон зах байдгийг мэдэх байх. Тэнд зарагдаж байгаа бараг бүх тавилга Эрээний тавилгын захуудад хамаагүй хямд үнээр байдаг юм шүү. Улаанбаатар дахь гайгүй тавилгын дэлгүүрүүдээр зарагддаг ихэнх бараа эрээнд байгаа. Мөн энд оруулж ирэх асуудлыг тэд зохицуулж өгөх ба та зөвхөн тээвэрлэлтийн зардлыг төлөөд л бараагаа хүлээхэд болно. Тээвэрлэлтийн зардал төлсөн ч гэсэн эндээс тавилга авснаас хамаагүй ашигтай тусна.

Хувцас хунар тавилга гэлтгүйгээр өөр том наймаанд явсан ч болно. Их ачаа бараа авах үед та том машин хөлслөх хэрэг гарна. Энэ нь эрээнээс замын үүд рүү таны барааг гаргаж өгөх машин юм. Мөн гааль дээр татвар төлнө. Замын-үүдээс Улаанбаатар ачуулах богоны хөлс өгнө.

За ингээд эрээн явахад гарах зардлуудыг жагсаая. 
Замын үүд орох нэг талын зардал 28 000. Энэ нь гүпэний буюу хамгийн үнэтэй тасалбар болно. Зардлаа хэмнэхийг хүсвэл үүнээс хямд олон нийтийн буюу опшигийн тасалбар авч болно. Замын үүд дээр буухад танд Эрээний хил харагдах ба хил гаргаж өгдөг том автобус, мөн УАЗ 469 машинууд таныг угтан авна. Тухайн машинууд таныг хил гаргаж өгсний хөлсөнд 40өөс-50 юань авах болно. Хил гарах үед таны биед хууль бус зүйл байхгүй л бол ямар ч асуудалгүй. Ганц хоёр бяцхан анкет бөглөөд эрээнийг хөгжүүлэх санд гээд 5 юань хураалгаад л болно. Хоноглох буудлын хувьд хоногийн 10 000, 15 000, 20 000, 25 000 энэнээс илүү үнэтэй ч байгаа. Алийг сонгох нь таны хэрэг. Хоолны хувьд Монгол хоол зардаг олон газар байдаг ба үнийн хувьд ерөнхийдөө Улаанбаатарын цайны газруудтай ойролцоо. Авах зүйлсээ авч дуусаад эрээнээс буцаад замын үүд ороход мөн л өнөөх УАЗ 469 машинуудад хандах ба зардлын хувьд 40өөс 50 юань төлнө. Танд гэж хэлэхэд өдрийн 2 цагаас өмнө Замын-үүдэд ирэх хэрэгтэй. Ирээд 4:30 ын богоны тасалбар аваад тэр өдөртөө амжиж Улаанбаатар орох богонд суухгүй бол, богоноос хоцорч Замын-үүдэд дараагийн богоныг иртэл саатах хэрэг гарна.

Миний хувьд нэгэн найзыгаа даган хэд хэд явсан. Найз маань өөрийн ажилладаг компаний хэрэгцээнд зориулж барилгын материал оруулж ирдэг юм. 
Хамгийн сүүлд 60 тонн цэмэнт оруулж ирэхээр явсан юм. Тухайн үед Монголд цэмэнтийн үнэ 1 тн нь 125 000 тай байсан. Харин бид 2 Эрээний цэмэнтийн үйлдвэр дээр 1 тн нь 345 юань гэж байгаа цэмэнтийг буулгаж 320 юунаар авсан. Өөрөөр хэлбэл Монгол дахь үнээс 2 дахин хямд үнэ юм. Нийтдээ 60 тн цэмэнт авч, 3000 юанаар ачааны машин хөлсөлж Замын-үүдэд оруулж ирсэн. Мөн 900 юанийг нэг хятад нөхөрт өгч хил гаргах зөвшөөрлийн бичиг хийлгэсэн. Хил дээр 960 мянган төгрөгийн татвар төлж Замын-үүдээс Улаанбаатар ачих богоны хөлсөнд сая гаруй төгрөг төлсөн. Нийт унаа хоол буудал гээд бүх зардал 6 800 000 төгрөг болно. Харин Монголоос 60 тн цэмэнт авахад 7 500 000 болохоор байсан. Ингээд л 5 хоногийн дотор боломжийн мөнгө хэмнэчихэж байгаа юм.
Та сайн судалж шинжилж олон гарцаас нэгийг харж чадвал энэ салбар нилээд ашигтай боломж дүүрэн салбар юм шүү. Гагцхүү танаас тэвчээр хөдөлмөр шаардагдах болно.

1 Сэтгэгдэлтэй:

Anonymous said...

хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа хө
эрээнээс цаашаа бээжинлүү яаж явах вэ
энэ тухай мэдээлэлийг мэдэж байвал бичээрэй

Post a Comment