2012/02/19 | By: Дэлдэн

"Баян аав, Ядуу аав" (Нью Йорк Таймс сонины №1 гvйлгээтэй ном)

( Ядуус болон дунд давхаргынхантай харьцуулахад Баячууд мөнгөний талаархи мэдлэгийг хүүхдүүддээ хэрхэн заадаг тухай 

Би 2 аавтай хүн. Нэг нь маш өндөр боловсролтой, 4 жилийн бакалаврын зэргийг 2 жилийн дотор авсан, эрдэмтний зэрэгтэй. Нөгөө аав маань 8-р ангийг ч төгсөөгүй хүн. Нэг нь Хавай дахь хамгийн баян хүн болж чадсан бол нөгөө нь гэрийнхэндээ өрнөөс өөр юу ч үлдээгээгүй. 2 аав маань мөнгөний талаар хоёр өөр үзэлтэй хүмүүс байсан юм. Нэг аав маань "Мөнгө бол муу бүхний үндэс" гэхэд нөгөө нь "Мөнгөгүй байх нь муу бүхний үндсийг тавихад хүргэнэ" гэнэ. Тэдний хэлж буй зүйлийг ухаж ойлгох гэж балчирхан насандаа ихэд хичээдэг байлаа.

Нэг аав маань "Би үүнийг авч дийлэхгүй" гэж хэлж байхад нөгөө нь "Үүнийг авах бэл бэнчинтэй болохын тулд би яах вэ?" гэж өөрөөсөө асууна. Баян аав маань би үүнийг авч чадахгүй гэж хэлж буй нь залхуу сэтгэхүйтэйн шинж хэмээн үздэг байлаа. Нэг аав маань "Та нарыг тэжээх гэсээр байгаад би ядуу байгаа юм" гэхэд нөгөө нь "Та нар байгаа учраас би баян болох хэрэгтэй" гэдэг байв. Нэг аав маань сайн сургуульд ороод дараа нь баталгаатай ажлын байртай болж ав гэж зөвлөж байхад нөгөө нь "Би мөнгөний төлөө ажилладаггүй. Харин мөнгө миний төлөө ажилладаг. Энэ арга ухааныг чи сурч ав" хэмээн захидаг байв. Ингээд 9 насандаа би баян аавынхаа үгийг даган мөнгөний талаархи хичээлээ эхэлсэн юм.

Баячууд мөнгөний төлөө ажилладаггvй

Энэ бол 1956 он, би 9 настай байлаа. Миний явдаг сургуульд ихэнх баячууд хүүхдээ явуулдаг байв. Нэг өдөр ааваасаа би "Би яаж баян болох вэ?" гэж асуухад аав маань "Хүү минь, чи яагаад болохыг хүсээ вэ?" гэж асуув. " Єнөөдөр манай ангийн хүүхэд шинэ машинаараа ангийнхнаа аваад явахдаа Майк бид хоёрыг л урьсангүй" гэхэд аав маань толгойгоо сэгсэрлээ. Тэгээд "Мөнгө олохын тулд чи толгойгоо ажиллуулж сур. Үүнээс өөр мэдэх зүйл алга даа" гэв. Маргааш нь Майк найзтайгаа ярьж байгаад хамтран ажиллахаар болж айл айлаас шүдний ооны гэрийг цуглуулан хайлуулж эхлэв. Аав маань биднийг юу хийж буйг асуухад хайлуулсан төмрөө үзүүлэн бид мөнгө хийж байна гэхэд аав маань энэ нь хууль бус арга гэдгийг аятайхан тайлбарлав. Ийнхүү бидний мөрөөдөл утаа адил замхран алга болох нь тэр. Аав маань бидний сэтгэлийг тайтгаруулахыг хичээн Майкийн ааваас хэрхэн баян болохыг заалгасан нь дээр гэж зөвлөв. Майк ихэд гайхан манайх баян биш шүү дээ гэхэд аав маань "Танай аав хэдэн жилийн дараа гэхэд нэлээн толгой баячуудын нэг болно гэж би бодож байга шүү" гэв.

Тэгээд Майк бид 2 Майкийн аавтай уулзахаар шийдэв. Майкийн аав барилгын компани, агуулах, жижиг дэлгүүрүүд, 3 ресторантай хүн байв. Тэгээд дараагийн хагас сайн өдөр Майкийн аавтай уулзахаар болов. Майкийн аав нь "Чамайг баян болохыг суралцахыг хүсэж байгааг чинь хүүгээсээ сонслоо. Чи манай компанид ажилла. Тэгээд би чамд тэр арга ухаанаас заая. Гэхдээ сургуульд заадаг шиг байдлаар заахгүй. Энэ болзлыг хүлээж авбал ав, байвал бай" гэхэд Майк бид 2 тэр болзлыг нь хүлээж авлаа. Та хоёр одоонос эхлэн хагас сайн өдөр болгон 3 цаг ажиллана. Цагийн хөлс нь 10 цент байх болно гэв. Би өнөөдөр бэйсболын тоглолттой юмсан гэхэд миний болзлыг хүлээж авбал ав, байвал бай гэсэн үг сонсоод бэйсболын тоглолтоо таслахаар шийдэв. Цагийн 10 цент гэдэг нь тухайн үед маш бага цалин байлаа. Ингээд дэлгүүрт байгаа барааны тоосыг цэвэрлэдэг уйтгартай ажлыг хийн хагас сайныг өнгөрөөдөг байв. 3 дахь долоо хоног өнгөрсний дараа бидэнд хичээл заасан ч юм байхгүй, хямдхан ашиглаж буйд нь бухимдан ажлаасаа гарахад бэлэн болов. Тэгээд Майкт энэ тухайгаа хэлэхэд Майк инээмсэглээд аав маань ийм юм болно гэдгийг мэдэж байсан. Тэгээд бэлэн болох үед нь хэлээрэй гэж захисан юм гэв. Тэгээд дараагийн хагас сайнд Майкийн аавтай уулзахаар болов. Миний төрсөн аав маань ч их уурлан дор хаяж цагийн 25 цент болгохгүй бол гарна гэдгээ хэлээрэй хэмээн захив.

Єглөөний 8 цагт очиход үүдний өрөөнд бусад улсуудтай хамт хүлээлгэн суулгасаар 9 цаг болох үед намайг хүлээж авч уулзав. Тэр хүртэл заримдаа тэвчээр маань алдуурч явах бодол төрж байсан боловч хүлээсээр байгаад уулзав.

"Чи цалингаа нэмүүлэхгүй бол гарна гэж бодож байгааг би ойлгож байна" гэхэд " Та хэлсэндээ ердөө хүрсэнгүй. Би маш шаргуу ажилласан боловч иа надад ямар ч хичээл заасангүй. Тэгээд намайг хүлээлгэн, ердөө хүндлэхгүй байна" хэмээн хариулахад наймайг нэлээн шинжсэн байдалтай харж байгаад "Чамд би хичээлээ загаад л байгаа шүү дээ" гэхэд "Та надад юу ч заагаагүй. Тэгээд цагийн 10 центээр ажиллуулаад байгаа юм даа. Хүүхдийн хөдөлмөрийн хууль гэж байдаг юм. Би цаашаа зохих газар уруу нь мэдэгдэнэ" хэмээн би ууртайгаар хашгичав. "Би чамд юу ч заагаагүй гэдгийг чи яаж мэдэж байгаа юм бэ?" гэж асуухад нь "Та надтай ердөө уулзаагүй шүү дээ" гэлээ.

Аливаа юмыг заахад заавал лекц уншиж байгаа юм шиг байх албагүй. Сургуульд л тэгж заадаг байх. Амьдрал бол хамгийн сайн багш бөгөөд хамгийн гол нь чамтай хэзээ ч нүүр тулж ярьдаггүй. Амьдрал "Сэрээрэй, Цаана чинь чамд сурах хэрэгтэй зүйл байна" хэмээн ямар нэг байдлаар мэдрүүлдэг. Хэрвээ сургамжийг сайн авч чадвал чи алзахгүй явах болно. Харин амьдрал шаардаж буй зүйлийг зарим нь ойлгохгүй, хийж буй ажлаа голох, бусдыг буруутгах зэрэг үйлдлийг хийдэг.
Амьдралын шахалтанд орох болгондоо бууж өгдөг хүмүүс аливаа алдаа гаргахаас эмээж туйлын болгоомжтой амьдарсаар насыг элээнэ. Би та нарт амьдралын амтыг амсуулсан юм гэхэд би их л сониуч байдлаар "Амьдралын ямар амтын тухай та яриад байна вэ?" гэж асуулаа.

"Та хоёр мөнгийг хэрхэн олох тухай асуусан анхны хүмүүс юм. Би 150 ажилчидтай бөгөөд зөвхөн ажил, цалин хоёроос өөр юуг ч асуудаггүй. Амьдралынхаа ихэнх сайхан үеэ мөнгөний төлөө ажилласаар байгаад дуусдаг" гэж хэлэхэд би өөдөөс нь "Тэгээд цагийн 10 центээр ажиллаад таны харамч хатуу гэдгээс өөр юуг би сурсан юм бэ?" гэж асуулаа. Баян аав маань "Чи өөрийнхөө бодол санааг өөрчилсөн нь дээр дээ. Намайг буруутган, бүхий л муу бүхэн надаас үүдэлтэй гэж үзвэл чи намайг өөөрчлөх хэрэгтэй болно. Харин буруутай эзэн нь өөрөө юм гэдгээ ухаарч өөрийгөө өөрчилбөл илүү ухаан сууна. Ихэнх хүмүүс өөрсдөөсөө бусад хүмүүсийг буруутгадаг. Тэгээд ч бусдыг өөрчлөхөөс илүү өөрийгөө өөрчлөх нь илүү хялбар шүү" гэхэд би "Би ердөө ойлгосонгүй. Таныг харамч гэдгээс өөр юм олж харахгүй байна" гэв.

Баян аав маань "Чи намайг л буруутгасан хэвээр л байна даа. Ихэнх хүмүүс нэг ажлаас гараад илүү өндөр цалинтай, илүү боломжтой ажлыг хайдаг ба ингэснээр бүх асуудал нь шийдэгдэх юм шиг санана" гэхэд нь би сөргөөд "Тэгээд тэр асуудлыг хэрхэн шийдэх хэрэг вэ? Цагийн 10 центийн цалингаа аваад бүх юм болж бүтэж байна хэмээн алхах хэрэг үү?" гэж асуулаа. "Ихэнх хүмүүс тэгж явдаг. Цалин нэмэгдэхээ хүлээж илүү нэмэгдсэн мөнгө бүх асуудлыг шийднэ гэж бодно. Зарим нь 2 давхар ажил хийж илүү махруу ажиллана. Гэсэн хэдий ч нөгөө л бага цалинтай хэвээр л байна."
Баян аав маань юуг заах гээд байгааг бага зэрэг ойлгон "Тэгээд яаж асуудлаа шийдэх вэ?" гэж асуухад "Толгойгоо сайн ажиллуулж сур" гэсэн хариу сонслоо.

Баян аав маань үргэлжлүүлэн "Чиний уурласан чинь маш сайн хэрэг. Хэрвээ чи уурлалгүй бага цалингаа баяртайгаар хүлээж авсан бол би чамд энэ хичээлийг заахгүй байсан. Хүн сурах эрмэлзэл, хийх хүсэл, эрч хүч үгүйгээр юуг ч сурч чадахгүй. Харин мөнгөний асуудал дээр очихоор хүмүүс айдаст хүлэгдэн аюулгүй тоглохыг хичээнэ" гэж хэллээ. "Айдсаас болоод хүмүүс бага цалинтай ажлыг хийсээр байдаг байх нээ? Та яагаад хүмүүсийн цалинг нэмж болдоггүй юм бэ?" гэж асуухад "Би тэгэх шаардлагагүй. Тэгээд ч их мөнгө бүх асуудлыг шийддэггүй. Танай аав л гэхэд маш өндөр боловсролтой, засгийн газарт ажиллан надаас илүү цалин авдаг мөртлөө өрөө төлж дийлэхгүй л байна шүү дээ. Сургуульд байхдаа мөнгөний талаар тодорхой боловсрол эзэмшээгүйн л гай. Тэгээд ч хүмүүс их л цалин авах тусмаа их л өрөнд унадаг" гэж хариулав.

"Хүмүүс бүгд л эдийн засгийн боловсролтой болъё гэж боддоггүй юм уу?" хэмээн асуухад баян аав маань "Хүмүүс мөнгөний асуудал дээр очиход айдаст автдаг ба мөнгөний төлөө ажиллаж байх нь тэдэнд илүү хялбар байдаг. Ажлаасаа халагдах вий, хангалттай мөнгө олж чадахгүй байх вий, төлбөрөө төлж чадахгүй байх вий гэж айсаар байгаад сүүлдээ мөнгөний боол болж эзнээ харааж эхэлдэг. Чи мөнгөний төлөө ажиллах ямар болохыг мэдэрсэн. Сүүлийн нэг сараа 50-аар үржүүлэхэд хүмүүс бүхий л амьдралаа хэрхэн өнгөрөөхийг мэдэж болно. Чи гар дээрээ 30 цент авахад ямар санагдаж байсан бэ?" гэж надаас асуулаа. "Маш бага санагдаж маш их гутардаг байсан"
"Ихэнх ажилчид цалингаа аваад л бас л ийм сэтгэгдэлтэй байдаг. Төр засаг цалингаас нь хамгийн түрүүн хувиа хүртдэг. Орлого олоход, юм худалдаж авахад, мөнгө хураахад тэр битгий хэл үхэхдээ хүртэл татвар төлсөөр байх болно. Жирийн хүмүүс орлогынхоо 50 хувийг татварт өгдөг болохоор үүнийг 50 хувийн цалин гэж нэрлэнэ." хэмээн баян аавыг хэлэхэд би ихэд гайхан "Яагаад хүмүүс төр засгийн ийм өндөр татвар авахыг эсэргүүцдэггүй юм бэ?" асуулаа. "Ядуу болон дунд зэргийн орлоготой хүмүүс татвар төлдөг. Хүмүүс эдийн засгийн талаархи дутуу дулим мэдлэгтэйгээс болоод мөнгийг өөрийнхөө төлөө ажиллуулж чаддаггүй. Татвар бол мэдвэл зохих мэдлэгийн өчүүхэн бага хувийг эзэлнэ. Хэрвээ чи улам ихийг сурах хүсэлтэй хэвээр байвал буцаж ажилдаа очоод ажилла. Харин энэ удаа би чамд ямар ч мөнгө төлөхгүй" гэхэд нь би "Тэр чинь шударга биш байна. Та тодорхой хэмжээний цалин төлөх хэрэгтэй шүү дээ" гэхэд " Толгойгоо ажилуулж сур. Тэгэхгүй бол бусад хүмүүсийн адил болж хувирна. Майктай би яриад үнэгүй ажиллуулахаар тохирсон ба цаадах чинь аль хэдийн ажлаа хийгээд эхэлсэн байгаа. Тэгэхээр чи хурдан явсан дээр" гэлээ.

Би аавдаа цалингүй ажиллаж байгаагаа хэлэлгүй нуулаа. Тэгээд дахиад 3 долоо хоног ажилласны дараа Майкийн аав бид хоёр дээр ирээд дагуулаад аваад явлаа. Бид хоёроос "Та хоёр юм сурч байна уу" гэж асуухад бид хоёулаа толгойгоо сэгсэрлээ. Баян аав маань "Хичээлээ сайн сурахгүй бол бусад хүмүүсийн адил бага цалингийн төлөө махартлаа ажиллан 3 долоо хоногийн амралтаа тэсэн ядан хүлээдэг болно шүү. Тэр нь та хоёрт дээр санагдаж байвал би та хоёрын цалинг 25 цент болгож нэмье" гэлээ. Хэдийгээр 25 цент их хэмжээний мөнгө ч "Та яагаад хүмүүсээр тохуу хийгээд байгаа юм бэ? Эд нар чинь ажилсаг улсууд шүү дээ" хэмээн намайг асуухад "Би та нарыг бусад хүмүүсийн олж харж чаддаггүй урхи зангийг л харуулах гэсэн юм. 25 цент бага санагдаад байвал цалинг чинь 1 доллар болгож өсгөе" гэлээ. Миний зүрхний цохилт түргэсч толгой маань тэр саналыг хүлээж ав гэж хэлж байлаа. "За яах вэ, тэгвэл 2 доллар болгож өсгөе" гэж баян аав хэлэв. Толгой маань эргэж тэгье гэж хэлэхэд маш ойрхон байлаа. Энэ мөнгөөр юу авахаа хүртэл бодож үзэв. Энэ үед баян аав бид хоёрыг маш анхааралтай харж байлаа. Тэр амьдралдаа маш олон хүмүүстэй уулзаж, ажилд авч байсан болохоор бидний юу бодож байгааг маань маш сайн мэдэж байлаа. "5 доллар болгоё" гэж хэлэхэд миний мөрөөдөл дороо замхарлаа. Тэр үед цагийн 5 доллар авдаг насанд хүрсэн хүмүүс маш цөөхөн байсан юм.

"Ихэнх хүмүүс мөнгөгүй байхаас айж маш шаргуу ажиллана. Тэгээд цалингаа буухаар мөнгөөр авч болох бүхий л сайхан зүйлүүдийг авах хүсэл төрнө. Ингэснээр амьдралынхаа хэв маягийг өөрөө тогтооно. Тэгээд энэ мөчлөгөөсөө гарч чадахгүй болдог. Үүнийг би хархны уралдаан гэж нэрлэдэг юм. Бодож сэтгэхийн оронд сэтгэл хөдлөлөөр бүхий л зүйлийг шийдэж эхэлнэ. Айдастай нүүр тулгарахын оронд айдастаа хөтлөгдөн ажиллаж, гар дээрээ мөнгө аваад хүсэлдээ автан зарж үрж эхэлнэ. Тэгээд дахиад л мөнгөгүй болхоос айж улам шаргуу ажиллана. Ингэснээр сэтгэл хөдлөл, амьдрал нь мөнгөнд захирагдаж ирнэ. Энэ занганаас та нарыг хол байхыг та хоёрт би заана. Баян хүмүүс мөнгөө алдахаас айдаг бол ядуу нь өрөө төлөх гэсээр энэ занганаас гарч чаддаггүй" хэмээн баян аав маань өгүүлэхэд биднийг юу хийхийг зөвлөж буйг нь асуулаа. "Мөнгөгүй боллоо гээд хэдэн бор юм олохоор гарахын оронд энэ ажил миний айдсыг бүрмөсөн арилгаж чадах уу гэж асуух хэрэгтэй?" гэлээ. Манай аав намайг сургуульдаа сайн сураад сайн ажилтай бол гэж захидаг шүү дээ гэж намайг хэлэхэд "Танай аав чинь чамайг өндөр цалин авч чадахгүй бол нийгэмдээ гологдох вий гэж айсны улмаас тэгж хэлж байгаа юм. Ажил, боловсрол гэдэг чухал зүйл.Гэхдээ энэ хоёр айдсыг алга болгож чадахгүй. Oөрсдийнхөө сэтгэл хөдлөл, айдсыг захирч сурах хэрэгтэй. Үнэгүй ажиллахаар зөвшөөрсөн болон их хэмжээний мөнгө амлахад хүслээ хязгаарлаж чадаж буйг чинь хараад та хоёрт ирээдүй байгааг ойлгосон юм. Та хоёр ажиллаад бай. Удахгүй цалингийн төлөө ажиллахаа болино. Тэгээд толгойгоо сайн ажиллуул. Тэр цагт миний амлаж чадахгүй мөнгө болон боломжийг олж харах болно" гэж хэлээд хичэлээ завсарлав.

Майк бид хоёр бодсоор, ярилцсаар 3 долоо хоног өнгөрөв. Нэг орой ажлаа тарж байх үед дэлгүүрийн эгч маань хошин шогийн номын нүүр хуудасны хагасыг огтолж аваад үлдсэнийг нь хаяж байхыг хараад яагаад ингэж байгааг нь асуулаа. Энэ нүүр хуудсаа нийлүүлэгч байгуулагад өгөөд шинэ ном авдаг юм гэлээ. Бид 2 нийлүүлэгчтэй нь хүлээж байгаад уулзан хаяж байгаа номуудыг авч болох эсэхийг асуухад цаашаа дахиж зарахгүй бол болно гэж хэллээ. Тэгээд Майкийн зоорины өрөөнд номнуудаа авчран Майкийн охин дүүгээр номын санчаар авч нийтийн номын сан ажиллуулж эхэллээ. Хүүхдүүд 10 цент төлөөд номыг хүссэн хэмжээтэйгээр уншиж болох боломжтой байв. Майк бид хоёр Майкийн дүүд 1$ төлөөд өөрсдөө 9.50$ -ийн цалин авдаг боллоо. Хэдийгээр 3 сарын дараа өөр хүүхдүүдийн байгуулсан номын санд цохиулан бид хаалгаа барьсан хэдий ч баян аав маань биднийг эхний хичээлээ сайн сурч буйд маш их баяртай байлаа.

Яагаад эдийн засгийн боловсролтой болох хэрэгтэй гэж?

1990 онд Майк эцгийнхээ халааг авсан бөгөөд та бидний төсөөлж барахгүй их хөрөнгөтэй болсон билээ. Би 47 настайдаа, эхнэр маань 37-даа тэтгэвэрт гарсан бөгөөд бидний хөрөнгө өөрөө арвижсаар байдаг юм. Энэ нь мод тарихтай адил билээ. Нэлээн хэдэн жил уйгагүй усалж тордсоор байгаад нэг мэдэхэд тэгэх шаардлага үгүй болно. Майк эзэнт гүрнээ захирсаар байгаа бөгөөд би тэтгэвэрт гарахаар шийдсэн юм. Хүмүүс "Яаж хурдан баяжих вэ?" гэж олонтаа асуудаг. Түүнд нь би "Чи баяжихын тулд эхлээд эдийн засгийн цагаан мэдлэгтэй болох хэрэгтэй" хэмээн би хариулдаг билээ. №1 бөгөөд цорын ганц дүрэм нь үнэ цэнэтэй хөрөнгө (asset) болон өрөнд оруулах хөрөнгө (liability) хоёроо ялгаж сурах хэрэгтэй. Баячууд үнэ цэнэтэй хөрөнгийг цуглуулдаг бол ядуучууд
өрөнд оруулах хөрөнгийг үнэ цэнэтэй хөрөнгө хэмээн цуглуулдаг.

Үнэ цэнэтэй хөрөнгө нь таны хармаанд мөнгө оруулна.Энэ хөрөнгөний тоонд үнэт цаас, үл хөдлөх хөрөнгө (бусдад түрээсэлж буй байр), патент зэрэг нь багтана. Oрөнд оруулах хөрөнгө нь таны хармаанаас мөнгийг гаргана. Үүнд өөрийн тань худалдаж авсан байр, машин, зээлийн карт, тавилга хэрэгсэл орно. Энэ ухагдахууныг нэг хосын жишээн дээр авч тайлбарлая:
Ажилсаг, боловсротой хоёр залуу хоорондоо нийлэн нэгнийхээ хөлсөлж буй байранд нүүж орно. Хоёулаа нэг хүний зардлаар амьдарч байгаа болохоор мөнгө хэмнэж эхэлнэ. Тэгээд удахгүй байр авахаар шийднэ. Тэгээд л үл хөдлөх хөрөнгийн татварыг төлж эхэлнэ. Тэгээд шинэ машин, тавилга авч тавина. Нэг л өглөө сэрээд харахад байрны урт хугацааны зээл, зээлийн картын төлбөр бүгд толгой дээр овоорсныг ухаарна. Ингээд хархны уралдаанд өөрийн эрхгүй оролцож эхэлнэ. Хүүхэд гарч ирнэ. Тэд улам л шаргуу ажиллана. Их л мөнгө авах тусмаа их л мөнгийг татварт төлнө. Ингээд байнга давтагдах мөчлөгт өөрсдийгөө оруулах нь энэ.

Их мөнгө мөнгөний асуудлыг ердөө шийдэхгүй. Харин оюун ухаанаараа энэ асуудлыг шийдэж болно. Хүмүүс өөрсдийнх нь хийж буй зүйлд утга учир байгаа эсэхийг асуудаггүй бөгөөд ердөө олонхи хаашаа явж байна түүнийг дагадаг. Ихэнх хүмүүс өөрсдийнхөө амьдарч буй байрыг хамгийн том хөрөнгө оруулалт хэмээн үздэг. Үүний эсрэг хэдхэн тоо баримтыг дэлгэн үзүүлье:

1. Хүмүүс хэзээ ч өөрийн болгож чадахгүй байрны төлбөрийг хийсээр байдаг. Ихэнх байр нь 30 жилийн зээлийн хугацаатай ирдэг билээ.

2. Хэдийгээр урт хугацааны зээлдээ татварын хөнгөлөлт эдэлдэг хэдий ч засвар болон бусад зардлаа өөрийн татвар төлсний дараахи мөнгөөр төлнө.

3. Үл хөдлөх хөрөнгийн татвар. Манай аав ээж хоёр тэтгэвэртээ гараад орлого нь багассан байх үедээ сарын 1000 долларын үл хөдлөх хөрөнгийн татвар төлж эхэлж байсан юм.

4. Байрны үнэ байнга өсөж байдаггүй. Манай нэг найз одоогийн өртгөөр 700000 долларын үнэтэй байранд саяас дээш хэмжээний өртэй байна.

Байранд хүмүүс мөнгөө зарснаар дараахи 3 боломжийг алддаг:
· Бусад үнэ цэнэтэй хөрөнгийг өсгөж байх хугацааг алдана
· Єндөр өртөгтэй засварын ажилд зарцуулж байх зардлыг бусад төрлийн хөрөнгө оруулалтанд оруулах боломжоо алдана.
· Мэдлэгээ дээшлүүлэх зав боломжоо алдана.
Би байрыг битгий ав гэж хэлж байгаа юм биш. Би байр авахын тулд эхлээд түүнийгээ худалдан авах мөнгөний урсгалыг бүрдүүлж чадах хөрөнгө оруулалтын хийдэг.
Миний зөвлөх үнэ цэнэтэй хөрөнгө оруулалтууд:
Чиний гар бие оролцох шаардлагагүйгээр бизнесс чинь явагдаж байдаг үйлдвэрлэл,
Хувьцаа, Бонд, Итгэлцлийн сан (Mutual fund), Хөрөнгө үүсгэгч үл хөдлөх хөрөнгө гэх мэт.

Татвар хэрхэн үүсэн талаар баян аав маань ийнхүү тайлбарласан юм. Анх англи, америкийн алинд ч татвар байдаггүй байлаа. Дайны зардлыг нөхөх гэж хааяа татвар авдаг байлаа. 1874 онд Англид татварыг байнгын болгож үүнийг 1913 онд Америкт хэрэгжүүлсэн юм. Анх татвар нь баячуудыг шийтгэх үүднээс бүтээгдэн олонхийн саналыг авч чадсан байна. Гэвч үүнийг дэмжсэн ядуу болон дунд зэргийн орлоготой хүмүүсийг шийтгэх нэгэн хэрэгсэл болж чадсан юм. Засгийн газар томрох тутмаа илүү их хүндлэлийг хүлээнэ. Тэр хэмжээгээр зардал гарна. Үүнийгээ татвараар төлнө. Үүний эсрэгээр миний адил бизнэсс хүмүүс цөөн хүмүүс хөлсөлж аван бага зардал гаргах ба ингэснээрээ хөрөнгө оруулагч нараас хүндэтгэл хүлээнэ. Баян аав маань засгийн газрынхныг залхуу хулгайч нар хэмээн дууддаг байсан бол аав маань баячуудаас ихийг татварт авч байхдаа таарсан харамч нар хэмээн хараана.

Эдийн засгийн мэдлэг нь дараахи 4 том хүрээнээс тогтоно.
1. Санхүүгийн мэдлэг. Үүнийг би эдийн засгийн цагаан толгой хэмээн нэрлэнэ. Аливаа бизнессийн сайн ба муу талыг олж уншихад хэрэг болно.
2. Хөрөнгө оруулалт. Үүнийг би мөнгө бүтээдэг ухаан хэмээн нэрлэдэг. Үүнд тодорхой стратеги болон жороос тогтоно.
3. Зах зээлийг ойлгох. Хэрэгцээ болон хангамжийг судлах ухаан юм.
4. Хууль. Компаниуд татварын хуулийг оновчтой зөв ашигласнаар хөрөнгөө улам сайн өсгөж чаддаг.
Корпорацийн эзэд: Орлого, Зарлага, Татвар
Компанийн ажилчид: Орлого, Татвар, Зарлага
Үүнээс үүдээд өөрийн корпорацитай болж үнэ цэнэтэй хөрөнгөө бүрдүүлэхийг санал болгож байна.


Хэрвээ танд анхан шатны энэхүү ном таалагдсан бол Роберт Киёсакигийн бичсэн бусад номуудыг олж уншихыг зөвлөж байна. Үүнд : Cashflow quadrant,
Guide to investing,
Own your own corporations,
Loopholes of riches,
Real estate riches гэх мэтийн нийт 10-аад цуврал номуудаас сонгон аваарай.

1 Сэтгэгдэлтэй:

Жамуга said...

urgeljlel ni bii yu baiwal tawiarai shan nom shuu

Post a Comment