2012/02/05 | By: Дэлдэн

Б.Сарандаваа: Эзэн нь таалагдахгүй бол мөнгө эзэндээ очдоггүй



(Монгол Улсын Боловсрол судлалын философийн доктор, АНУ-ын Рочивейл их сургуулийн шинжлэх ухааны доктор, сэтгэл судлаач) Б.СарандавааЭзэн нь таалагдахгүй бол мөнгө эзэндээ очдоггүй. Мөнгийг тогтоохын тулд мөнгөтэй маш зөв харьцах хэрэгтэй Хөх хомоол жинхэнэ ид шидтэй ариусгагч. Байгалийн таван махбодийн онолоор хураагдсан ийм хомоолыг уугиулсан байхад муу муухай бүхэн сүнсгүй зайлдагЭнэ удаагийн ярилцлагын маань
зочин хэн хүний анхааран сонсдог, бас гайхан биширдэг тийм нэгэн хатагтай. Өөрөөр хэлбэл, Бясалгал зурхай, сүнс, сэтгэл судлалын академийн Ерөнхийлөгч, “Монгол Аура” төвийн тэргүүн Б.Сарандаваа. Ихэнх хүнд эцэг эхээс хайрласан нэрийнх нь өмнө овог нь л байдаг. Харин зарим нэгэнд нь хийсэн бүтээснээс нь хамаарч дэндүү олон тодотгол байх. Тэгвэл хатагтай Б.Сарандавааг нэрийнхээ урьд нэлээдгүй олон тодотгол гуншинтай гэдгийг хүмүүс мэднэ. Гэсэн ч зочин маань даруухан загнаж, ердөө л хоёр доктор цолоороо овоглуулахыг хүссэн юм.
-Монгол зоны тусын тулд Та гайхамшигт нэгэн сүмийг намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр нээлээ.  21 дарь эхийн бодлын орон буюу түлхүүр сүм нээгдсэнээр монголчуудын сэтгэл оюунд өгөх үр өгөөж нь ямар байх бол?
-Энэ асуултад хариулахын өмнө надад өчигдөр орой манай 21 дарь эхийн бодлын орон буюу түлхүүр сүмд орж ирсэн нэгэн зочны тухай яримаар санагдлаа. Тэр хүн сүмд орж ирж учиргүй их залбирснаа “2012 онд Монголд яах ч үгүй нь ээ” гэсэн. “Яасан” гэтэл “21 дарь эхийг бүтнээр нь бүтээгээд, дээр нь 7м 77см Ногоон дарь эхийг бүтээгээд залчихсан байхад Монгол орон юунд өртөх юм бэ. Ээждээ залбираад шүтээд явахаас илүү сайхан юм байхгүй шүү дээ” гэхэд нь миний сэтгэл өөрийн эрхгүй огшиж байлаа. Тэр хүн “Өндөр гэгээн Занабазар тохой хэрийн 21 Дарь эхийг бүтээсэн байхад монголчууд дэндүү аугаа явсан юм. Одоо 2012 онд Монгол сүйрэхгүй ээ” гэж хэлэхэд надад сайхан байсан.
21 дарь эхийн бодлын орон буюу түлхүүр сүм бол аугаа том сүм болж байгаа. Үүнийг би зөвхөн Монголынхоо хүн ардын төлөө бус дэлхийн хүн зоны төлөө эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд босгоё гэж бодсон юм.
-Сэтгэл оюунаа чилээж босгосон ариун сүмийнхээ талаар тайлбарлавал...?
-Сүм рүү орохоос өмнө дөрвөн хүчтэн, хаалгаар оронгуут дөрвөн махранз тосоод сууж байгаа. Дөрвөн махранз гэдэг бол хүнийг бүхэл муу муухайгаас хамгаалж байдаг. Дөрвөн махранз нь дөрвөн хүчтэнийхээ дээр заларч байгаа. Шууд нэг давхраар ороод очиход өөдөөс чинь Хот мандал тосно. Энэ бол Монголд хоёр дахь хот мандал болсон. Нэг дэх нь Ямандагийн хот мандал гэж байдаг юм билээ. Ямандагийн хот мандал нь Шашны дээд сургуулийн багш Г.Пүрэвбатын удирдлагаар бүтээсэн мундаг хот мандал байдаг гэсэн. Хоёр дахь нь болох 21 Дарь эхийн хот мандалыг бүтээлээ. 21 Дарь эхийн хот мандал нь ямар ч байсан Монголдоо эхнийх төдийгүй Азийн орнуудад анхных гэж хэлсэн. Яагаад гэхээр хот мандал бүтээсэн хүмүүс Балба, Энэтхэгт 21 дарь эхийн хот мандал байдаггүй гэж хэлсэн. Түүнд нь би их урамшиж байгаа. Хот мандал хийх маш нарийн юм билээ. Тэр чигээрээ хүний анатоми гэсэн үг. Хүний анатомиор бүтээгдсэн хот мандалыг босгосноор хүн муу муухай, гай барцдаас ангижирч, өвчин зовлонгүй, амар амгалан байж, бие, хэл, сэтгэл нь үргэлж ариусч, үр хүүхдүүд нь өнөр өтгөн маш сайн сайхан амьдралтай болно гэж үздэг.
Манайханд найман тахилтай хадаг, найман тахил  их байдаг. Тэгвэл найман охин тэнгэр Хот мандалаа тойроод хадгаа барьчихсан бүгдийнх нь амар амгаланг нь айлтгаад, зулаа барьчихсан сайн сайхныг гэрэлтүүлээд, дунгаа үлээчихсэн өвчин зовлонг нь арилгаад, хөгжмөө бариад яруу сайхан эгшгээ өргөсөн ийм охин тэнгэрүүд угтаж байгаа.
-21 дарь эхээр овоглосон энэхүү ариун дагшин газрыг Түлхүүр сүм гэж нэрлэсний учир юунд вэ?
-Хоёр давхарт гараад ирэхээр түлхүүр угтана. Манай монголчууд дээр үед төрөхийн хүндрэлгүй амаржихын тулд жирэмсэний түлхүүр түлхдэг байсан юм байна. Түүнийгээ яаж түлхдэг байсан гэхээр цагаан эсгийн дээр ширдэг байсан байна. Цагаан эсгийн дээр ширж гаргаад түүн дээрээ арагаа тавиад баруун урд талдаа төрдөг байжээ. Баруун урд тал нь ч бас учир жанцантай. Тэгэхээр би 20 түлхүүр гаргах юм байна гэж бодоод 20 түлхүүр бүтээсэн. Нэлээд олон сар зүтгэж зүтгэж олохгүй байтал нэгэн өдөр манай шавь Балдорж ирээд “Манай монгол бичиг чинь босоогоороо дандаа хүний хийморийг сэргээж байдаг юм чинь итгэл гэхэд итгэлийн түлхүүр хийе, хийморь гэхэд морь гэж хийе” гэдэг санааг өгснөөр 21 түлхүүр бүтээсэн юм. Түлхүүр сүм гэж нэрлэсний гол нууц нь энэ. Цоож нь дотроо байгаа. Цоожин дундуураа яваад л бид түлхүүрээ түлхэх ёстой.
-За, хоёр давхартаа хэрэгтэй зүйлээ гаргахгүй гэж, хэрэггүй зүйлийг нь оруулахгүй гэж түлхүүрдээд цоожилж орхилоо. Харин гурван давхарт юу угтах бол?
-21 дарь эх буюу ээж чинь 21 дүртэй, 21 ааш араншинтай, 21 тарнитай угтана. Зарим нь уурласан, зарим нь загнасан, зарим нь аргадсан гэх мэт 21 өөр дүр төрхтэй ээжүүддээ мөргөж залбираад цааш спирал буюу ороомог маягаар цааш яваад гариг ертөнцөөр аялна. Тэнд нарыг тойрсон есөн гариг, алтан гадас, долоон бурхан, марал од, үүрийн цолмон, үдшийн гялаанаас эхлээд 27 одны орд байгаа. Бид дээд орчлонгоос, байгалиас, өөрсдөөсөө энергиэ авдаг учраас хүн гэдэг чинь ерөөсөө байгаль дэлхийн нэг жижигхэн бүтээгдэхүүн, сансрын нэг эгэлхэн хэсэг юм байна. Тийм болохоор байгаль дундуураа гараад гариг эрхсээр дамжихаар шинээр төрлөө л гэсэн үг. Тэгээд 7.77 см Ногоон Дарь эх ээждээ мөргөнө. Ногоон дарь эхийн хоёр талд Арилжигмаа, Тонолжигмаа гэж бурхан байгаа. Энэ нь аливаа муу муухай зүйлээс зайлуулах шидтэй бурхад. Бас энх амгаланг болон сайн сайхныг хүсч байгаа хоёр ногоон дарь эх бий. Түүний хоёр талд урт удаан наслахыг билэгдсэн хоёр цагаан дарь эх байгаа.  Яг наран ургах зүгт нь хүслийг биелүүлэгч нарны бурхан Осоржамаа долоон гахайгаа хөллөчихсөн зогсож байгаа. Бас гурван тулга бий. Түүнд долоон ширхэг адууны хомоол уугиулна.  Адууны хомоол уугиулсан байхад тэр гэрт байгаа бүх муу муухай зүйл, өвчин зовлон, лай ланчиг арилдаг. Адуу чинь 5.40-7.40 цагийн хооронд нарны, сарны, огторгуйн энергийг шингээсэн 1000 гаруй төрлийн ургамлыг иддэг байна. Тиймээс адууны 7 хөх хомоолыг гэр орондоо ч гэсэн уугиулж байх хэрэгтэй. Хүмүүс надад ханддаг л даа. “Багшаа, энэ байранд орж болох уу, энд хүн нас барсан юм гэнэ лээ, хүмүүс нь салсан юм гэнэ лээ” гэцгээдэг. Ерөөсөө тэгж айх хэрэггүй. Ямар газар авдаг юм бэ, тэр газраа аваад л адууны долоон ширхэг хөх хомоол уугиулах хэрэгтэй.  
-Их энгийн сонсогдож байна. Хүн бүр адууны хомоолыг мэднэ. Харин таны хэлээд байгаа хөх хомоолыг бусдаас нь яаж ялгаж таних вэ? Ялангуяа орчин цагийн залуус ялгаж салгаж мэдэхгүй шүү дээ?
-Хар хомоол нэг жил болсон байдаг бол халтар хомоол хоёр жил болсон байдаг юм. Шар нь болохоор гурван жил, цагаан нь дөрвөн жил болсон хомоол байдаг. Харин  хөх хомоол таваас дээш жил болсон гэсэн үг л дээ. Тийм болохоор тэр хөх хомоол гэдэг чинь жинхэнэ ид шидтэй ариусгагч юм. Байгалийн таван махбодийн онолоор хураагдсан ийм сайхан хомоолыг уугиулсан байхад тэр муу муухай бүхэн сүнсгүй зайлдаг байхгүй юу.
-Ийм бүтээн байгуулалтыг бий болгохын тулд эхлээд сэтгэл оюундаа цогцлоож таарна. Үүнд хичнээн хугацаа орсон бэ? Нөгөө талаар сүмийн дэг жаягт эвцэлдүүлэхийн тулд нэлээдгүй уншиж судлах шаардлага гарна. Энэ талаар...?
- Нарны бурхандаа залбирч, хомоолоо уугиулаад нөгөө талаар гарахтай зэрэг Янжинлхам, Бүжинлхам, Жүгдэрнамжил бурхад байгаа. Бүжинлхам бурханд үр хүүхдээр өнөр өтгөн байхыг хүсч залбирч мөргөөд, зургаан гартай, гурван нүүртэй өнгөрсөн, өнөө, ирээдүйг зөгнөсөн Жүгдэрнамжил бурхандаа мөргөж үйлийн үрээ арилгаад, урлагийн бурхан Янжинлхамдаа залбирна. Дараа нь Богд зонхов хоёр шавьтайгаа байж байгаа. Одоо цагийн бурхан Майдар бурхан, Бурхан багш, ирээдүй цагийн Авид бурхан тосно. Эдгээр бурхдад мөргөөд дахиад цааш 21 шатаар дээшээ гарахад дээд хүчиндээ гэрэлт зул өргөх боломжтой. Энэ бүхнийг гүйцэтгээд доош буухад 108 амин чанар болгож, 108 шатаар бууж байгаа аян байгаа юм. Гурван жилийн өмнөөс ийм сүм бүтээх санаа орж ирсэн. Яагаад гэхээр төрж чадахгүйгээс хоёулаа юм уу, хэн нэг нь эндээд байгаа, аборт хийлгэсэн хүмүүс ихэсээд байгаа, жам ёсоороо төрөхгүй хийсвэр хийлгэж байгаа, гэр бүл салалт нэмэгдээд байгаа зэрэг нь миний сэтгэлийг өвтгөөд хүмүүсийн төлөө ямар ч шашин шүтдэг бай хамаагүй хүн эх хүнээс л төрдөг болохоор би 21 дарь эхийг бүтээе гэж шийдсэн юм. 21 дарь эхийг бүтээхэд заавал дагалдах бурхадууд нь байдаг учраас би маш олон ном, судрыг судалж үзсэн. Ингээд “21 дарь эхийн бодлын орон буюу түлхүүр сүм” гэдэг номоо бичсэн. Магтаалыг нь, туульсыг нь бичсэн. 21 дарь эхдээ зориулж бүхэл бүтэн 21 бадаг дуу зохиолгосон. 21 бүжигчнээр бүжиглүүлсэн.
-21 дарь эхийн бодлын орон буюу түлхүүр сүмийг босгоход хичнээн хэмжээний хөрөнгө зарсан нь сонин байна?
-Хүмүүсийн оруулсан мөнгийг эргэж өөрсдөд нь зориулаад дээр нь өөрөө 400 сая төгрөгийн зээл аваад энэ том сүмийг бүтээлээ. Гэсэн ч би энэ бүхнийг  мөнгөний төлөө бус хүмүүсийн сайн сайхны төлөө босгосондоо баяртай байгаа. Хүмүүс энд ирээд зүгээр мөргөж болно. Түлхүүрээ авъя гэвэл 5000 төгрөгөөр худалдаж авна. Түүнээс өөр төлбөр байхгүй. Миний хувьд ард түмнийхээ төлөө бие сэтгэлийг нь ариусгая гэж л зорьсон нь энэ. Одоогоор ирсэн хүмүүс их л баярлаж байгаа. Зарим нь 21 түлхүүрээ гүйцээнэ гээд  өдөр бүр ирдэг гэсэн. Тэр бол хувь хүний л асуудал.
-Удахгүй таныг ээлжит лекцээ унших гэж байгаа тухай мэдээг сонссон. Энэ үнэн үү? Үнэн бол энэ удаагийн лекцийн сэдэв юу вэ?
-Үнэн. 11 сарын 11-нд “Далд ухамсар бүгдийг чадна” гэдэг лекцээ унших гэж байна. Энэ үеэр “Хүн үйлийн хийвэл яадаг юм бэ, яагаад болдоггүй юм бэ, Далд ухамсар гэж юу вэ, бид энергээ яаж авах вэ, нарнаас, сарнаас, чулуунаас, сахиуснаас яаж авах вэ ” зэрэг 21 төрлийн энерги авах аргын тухай ярина. Энерги авах 21 төрлийн аргыг нь заагаад өгчихсөн байхад манайхан энергээ аваад яваад байж чадна. Ийм аргыг нь би лекцийн үеэр зааж өгөх юм.
-Одоо цагийн аясыг дагаад хүний мөн чанар их өөрчлөгдсөн. Хүнд буян үйлдэхээс илүүтэй өөрт ашиг хардаг болсон нь нууц биш. Тэгвэл ийм цаг үед өрөөлийн хандивыг буцааж буяны үйлд зориулахын зэрэгцээ өөрөө их хэмжээний зээл авч бусдад тустай зүйл хийж байгаа нь гэгээрэлд хүрсэн хүний дотоод сэтгэлийн мөн чанарын илэрхийлэл үү, бясалгал оюун санаагаараа бусдын сайн сайхны төлөө байя гэсэн сэтгэлийн өргөл үү? Аль нь вэ?
-Хүмүүс мэднэ дээ. Би ирсэн хүмүүсийг их өндөр үнэтэй үздэггүй. 2000 оноос эхлээд нэг хүнийг 5000 төгрөгөөр үзэж эхэлсэн. Манайх таван мэдэрхүйн 5 өрөөтэй. Цахилгаан энергийн өрөөтэй. Манай бүх юм 5000, 5000 мянгаар хийгддэг.  Би 1993 оноос өнөөдрийг хүртэл давхардсан тоогоор 17000 хүн үзсэн байдаг юм билээ. Эдгээр хүмүүсийг үзэх явцдаа судалгаа хийж байхад нэгдүгээрт, эрүүл мэндээ асуудаг, хоёрт, ажил төрөл, албан тушаал хэрхэн ахих вэ, гуравт, яаж мөнгөтэй болох вэ, мөнгө яаж дуудах вэ гэдэг бол нөгөө гурав нь гэр бүлийн асуудал байдаг юм. Хүмүүсийн төлөө сайн сайхан зүйлийг хийж өөртөө сайн энерги аваад явахад болно доо гэж би боддог.
-Та атаархалтай тулгардаг уу?
-Би лекц бүр дээрээ атаа жөтөө битгий хийж бай гэж хэлж захьдаг. Гэхдээ атаа жөтөөрхөх сэтгэл байдаг л байх. Байдаг үүднээс “Сарандаваа их үнэтэй үздэг. Сарандаваа сая төгрөгөөр үздэг” гэх яриа байдаг юм билээ.Тэр нь ч одоо яахав. Тэртэй тэргүй хүмүүс өөрсдөө ирээд мэдэж байгаагаас хойш би юу хэлэх вэ. Өдий жил болоход би сая төгрөг аваад  хүн үзэж байсан удаа байхгүй. 21 дарь эхийн мөргөлийн сүмийг барихад Дундговь аймгийн нутгийн зөвлөл, Хөвсгөл аймгийн Рашаант сумын нутгийн зөвлөл мөнгө хандивласан. Өмнөговь аймгийн ах дүү нар мөнгө нэмэрлэсэн. Бусад нь ёстой “өгье гэвэл ганцаасаа уйлъя гэвэл сохроосоо” гэдэг шиг ард түмний өөрсдийнх нь хөрөнгө буюу өөрөөр хэлбэл, сэтгэлийн өргөл байсан. 1000 төгрөг бариад ирэх нэгэн байхад 5000 төгрөг, 100.000, 108 мянга, 210 мянга гээд сэтгэлийн хандиваа өргөсөн хүмүүс зөндөө. Эдгээр хүмүүст баярласнаа илэрхийлж би нэр устай нь өөрийн номон дээрээ гаргасан байгаа. Ийм сайхан хүмүүсийн сэтгэлээр, итгэлээр, дэмээр, монголчуудын маань сүсгээр, монголчуудын маань сайн сайхан гэгээрлээр бүтсэн 21 дарь эхийн мөргөлийн сүм юм шүү гэдгийг хэлье. Энэ олон хүний сэтгэлийг, энэ олон хүний итгэлийг тээсэндээ өнгөрсөн жилийн наймдугаар сарын найманд шаваа тавьж байсан сүм өнөө жил намрын дунд сарын шинийн 17-нд сүсэгтэн олондоо үүд хаалгаа нээлээ. 16-нд бид 21 дарь эхийн цэнгүүнээ хийсэн. Түүнийгээ дуун, сүүн, энергийн цэнгүүн гэж нэрлэсэн.  21 морин хуурч хуурдаж, 21 уртын дууч шуранхайлж, 21 дуучин аялгуугаа өргөж, 21 бүжигчин биелж, 21 цам харайсан, 21 нугараач нугарсан тийм сайхан цэнгүүнийг ард түмэндээ хүргэсэн. Цэнгүүний үеэр 10 хатан тайзнаа гарсан нь олны таашаалд нийцээд зогсоогүй ямар их сүрлэг, дайчин байсан гээч.
-Тайзнаа морилсон 10 хатнаа Та хэрхэн сонгосон бэ? Яагаад гэхээр өөрөө их энергитэй хүн болохоор жирийн нэгнийг сонгоогүй болов уу?
-Монголчууд 10 цагаан буян гэж билэгшээдэг ард түмэн. Тиймээс тайзнаа 10 хатан гаргахаар сонгосон. Ардын жүжигчин А.Долгор цав цагаан хувцастай тайзнаа гараад  ирэхэд үзэгчид нижигнэтэл алга ташаад л угтсан. Тэгээд Чимидцэеэ, Сувдаа гээд л гараад ирэхэд хичнээн гоё байсан гээч. Тэд аугаа 10 хатан байсан л даа. Энерги нь гэхэд дэндүү аугаа. Энд би нэг зүйлийг хэлмээр байна.Тоглолт эхлэхэд хамгийн түрүүнд Цогзолмаа гуай гарч ирээд бид хоёр хоёр талаасаа тайзан дээр уулзалдаад хадаг сүү солилцох тэр агшин шиг сайхан зүйл байгаагүй. Монголын зууны сайхан эмэгтэйтэй урлагийн алтан тайзан дээр тэгж уулзсан мөч хамгийн сайхан нь байсан. Олон олон сайхан үйл явдал надад тохиож байсан ч түүн шиг бахадмаар зүйл байгаагүй.
-“Мөнгөний тархи” лекцийг чинь олон түмэн амтархан сонсдог. Мөнгө гэдэг хүний амьдралын нэгэн чухал хэрэгцээ учраас хүн бүр мөнгөтэй байхыг хүсдэг. Гэтэл энэ хүсэл ямар учраас тэр бүр биелдэггүй юм бэ? Тэр их хүсэлд нь яагаад хясал хөндөлдчихөөд байдаг юм бол?
- “Мөнгөний тархи” гэдэг лекцийг би яах гэж уншсан бэ гэхээр “Бид өнөөдөр мөнгөний боол биш юм байна. Харин мөнгө бидний боол юм байна. Миний судалгааны үндсэн дээр ийм байдаг юм байна, Дорныхоор ийм байна, өрнийхөөр ийм байна.Фэнг-шүгээр ийм байна” гэдгийг таниулах зорилгоор гурван удаа уншъя гэж шийдээд 2010 оны 10 сарын 10-нд анх уншсан. Сая уншлаа. 2012 оны 10 сарын 10-нд уншаад монголчууд “Нэг хоёрын гурваа” гэж хүчээ нэгтгэж юм өргөдөг шиг хүчээ нэгтгэн өөрийнхөө мөнгөний хэмжээгээр мөнгөө яаж тогтоодог талаар таниулах юм. Мөнгө гэдэг  тодорхой хэмжээний энерги агуулсан амьд бие байдаг. Мөнгөтэй болъё, баян болъё гээд наймаа хийж болно. Эзэн нь таалагдахгүй бол мөнгө эзэндээ очдоггүй. Мөнгийг тогтоохын тулд мөнгөтэй маш зөв харьцах хэрэгтэй. Өөрийн үр хүүхэд, аав ээжтэйгээ харьцаж байгаа мэт тийм эелдэг харьцах нь чухал. Энэ бүх арга ухааныг заасан “Мөнгөний хүчийг мэдрэхүй” гэдэг ном гаргасан. Дараа нь “Мөнгөний тархи“, “Гадаад дотоодын мөнгөнүүд ингэж байдаг байна” гэсэн гурван боть ном гаргаад байна.
- Мөнгөтэй зөв харьцах аргыг хүмүүст хүргэхэд хамгийн энгийн, судраар юм бол тарни шиг хэлбэрээр уншигчдад маань хэлж өгөөч?
-Бидний биеийн хоёр хувийг тархи эзэлдэг юм байна. Тархи бүх биеэ удирддаг биз дээ. Тэгэхээр олсон орлогынхоо хоёр хувийг цааш нь хий. 10000 төгрөг олбол 2000-ыг нь, 100000 төгрөг олбол 20000-ыг цааш нь хий. Тархийг нь аваад хоцорсон цагт үлдсэн 98000 төгрөг чинь өөрийн эрхгүй бусад биедээ татагдаж орж ирдэг юм. Ингэж мөнгөнийхөө хоёр хувийг авсан цагт мөнгөөр хэзээ ч тасардаггүй гэдгийг хэлэх байна. Тэгж мөнгөө дуудаж байгаарай.
- Сүүлийн үед монголчууд сайн муу энергийн талаар их ярьдаг болсон. Хүн өөрийнхөө энергийг алдахгүй байж, өөртөө сайн сайхан энергийг дуудах ямар арга байдаг вэ?
-Өглөө болгон босохдоо “Алтан шар нар минь ивээх болтугай, ажил үйлс маань бүтэх болтугай, юу санасан есөн хүсэл маань сэтгэлчлэн бүтэж, түмэн олон маань амгалан байх болтугай,Төрийн минь сүлд өршөөх болтугай” гэхэд л энерги авчихдаг байхгүй юу.
- Ийм энгийн гэж үү?
-Маш энгийн. Янз янзын тарни уншаад янз бүр болоод байх хэрэггүй. Бүгдээрээ юмыг сайн санаж сайхнаар бодож байхад сайн энерги л ирнэ. Муу муухайг бодвол муу зүйл л тохиолдоно. Тиймээс аливааг дандаа гэгээлгээр бодож байх нь чухал. Энерги гэдэг чинь маш нарийн зүйл. 11 сарын 11-нд би далд ухамсрын тухай, үйлийн үрийн тухай лекц уншаад дээр нь 21 аргаар энергиэ яаж нөхөж авах тухай ярина.
-Тантай уулзахаар ирэхдээ үүдэнд чинь байгаа нэгэн сертификатыг харлаа. АНУ-д төвтэй Дэлхийн энергийн төвөөс таныг дэлхийн хамгийн их энергитэй хүнээр тодруулсан батламжийг 2008 онд олгосон байх юм. Өөрт хуралдсан энергиэ өдөр бүр, мөч тутамд мэдрэх тохиолдол олон байдаг уу?
-Өө та нар түүнийг олоод харчихсан уу. Уг нь би энэ талаар яаран дэлгэх хүсэлгүй байсан юм. Нэгэнт олоод уншчихсан болохоор чинь хариулья. 2008 онд би дэлхийн хамгийн их энергитэй хүнээр тодорч, 2009 онд гайхамшигтай их энергитэй гэдгээр тодорсон. Үүнийгээ би өөрөө мэдэрдэг юм. Би хамгийн эрт унтлаа гэхэд 3 цаг 33 минут 33 секундэд энэ чулуун цагаа хараад “Одоо унтах уу, яах уу” гэж байгаад цааш ажлаа хийхээр бол үргэлжлүүлээд суудаг. Унтлаа гэхэд өглөө 07 цаг өнгөрөөгөөд босдог. Сая сүм босгох үеэр сүүлийн хэдэн өдөр унтаагүй. Гэхдээ ядраад унаад өгсөн юм алга. Манай хүүхдүүд ч хэлдэг юм “Багшийг дагаад хэд хоног явахаар сульдаад унадаг” гэдэг юм. Тэгэхээр би эд нараас арай өөр, илүү гарсан энергитэй юм байна гэдгээ мэдэрдэг. Таныг асуусан болохоор л би энэ талаар хэлж байгаа юм. Хэрвээ зөвхөн энэ талаар сурвалжлага авна гэвэл энергиэ хэмжүүлж байгаагаас эхлээд янз янзын юмнууд бий. Миний хэлэх гэсэн зүйл бол заавал их энергитэй хүн гэхгүйгээр бидэнд бүгдэд нь аугаа их энерги байгаа. Монголчууд бид янз янзын юм зүүдэггүй байлаа. Янз бүрийн хоол иддэггүй байлаа. Дөрвөн улиралдаа зохицсон хүнстэй байлаа. Галаа түлээд галаасаа энергиэ авдаг байсан. Гэр гэдэг чинь булан тохойгүй учраас бүхэл бүтэн энергийн урсгал байсан. Гэр гэдэг тэр чигээрээ хүн байдаг. Тооно нь гэхэд толгой, хоёр багана гэхэд хүний гар, хаалганы хатавч гэхэд хөл, баруун хойд тал нь эр хүний хийморь, зүүн хойд тал нь бурхан тахилынх, зүүн урд тал нь эмэгтэйн хүний хийморь гээд бүх зүйл нь утга учиртай дэг жаягтай байж. Хөгжлийн дагуу одоо орон сууцанд шилжсэн учраас өглөө болгон усанд орж биеэ ариулаад, лаа асааж хараад галынхаа энергийг сэргээгээд авчих хэрэгтэй. Гадаа гараад эрэгтэй нь баруун гарынхаа, эмэгтэй нь зүүн гарынхаа тохойг нугалан нар руу харж нарнаас энергиэ авах хэрэгтэй.  Тэгээд зөвхөн сайн сайхан зүйл бодож, инээмсэглэж явахад дандаа сайн энерги авч байдаг юм шүү.
- Та бол Монголын анхны зөн билгийн тулааны ялагч. “Тооны машинтай эмэгтэй” гэдэг тодорхойлолт таных. Та яг хэдэн оноос тооны машинтай нөхөрлөсөн юм бэ?
-Олон жил болж байна шүү дээ. /инээв/ Наян хэдэн оноос л нөхөрлөж эхэлсэн. Тоо гэдэг бол их учиртай, агуулгатай. Тоогоор хүний амьдралын бүхий л намтрыг гаргаж болно. Анхлан хурдан бодож гаргах гэж л тооны машин ашигласан чинь тооны машинтай зөн билэгч гэдэг нэр авчихсан байсан. Тэр үед Дашцэрэн гуай гэж мундаг хүн байсан. Ний нуугүй хэлэхэд Дашцэрэн гуай бид хоёр яг өрсөлдөж явсан хоёр. Дашцэрэн гуай бол мэдлэгтэй энергитэй хүн байсан, тэр үед. Өрсөлдөөн юм болохоор бид хоёр муудалцаж байсан ч үе бий. Гэхдээ тэр хүнийг би өргөн мэдлэгтэй, мэдрэмж сайтай аугаа хүн байсан гэж боддог. Тиймээс би өөрийгөө түрүүлсэн гэж зарлах дургүй. Хэдийгээр би түрүүлсэн ч Дашцэрэн гуай мундаг хүн байсан гэдгийг би хэлэх хэрэгтэй гэж боддог юм.
-Анхны зөн билгийн тулаанд өөртөө итгэлтэй хүмүүс орсон байх. Даалгавар нь хэр хүнд байсан гэж боддог вэ?
- Дэндүү их юм мэддэг, дэндүү дайчин хүмүүс орсон. Яагаад гэхээр өөрсдийгөө мэдэрсэн хүмүүс орж өрсөлдсөн. Ер нь юм мэдэхгүй хүн бараг байгаагүй дээ. Бүгдээрээ л зөн совинтой хүмүүс байсан. Даалгаврын хувьд хүнд байсан.
-Зөн билгийн анхны тулааны ялагч, өөрөө гардан зохион байгуулж байсан хүний хувьд Монголын зөн билэгчдийн ур чадварыг хэрхэн үнэлдэг нь сонин байна. Манай зөн билэгчдээс шигшиж байгаад Оросын зөн билгийн тулаанд оролцуулбал хэр амжилттай оролцоно гэж боддог вэ?
-Манай монголчууд зөн билэг, совингоороо дэндүү аугаа шүү дээ. Хаана ч очсон манай зөн билэгчид эхний тавд торохгүй багтана. Сая нөгөө ОХУ-ын 2 зөн билэгч ирэхэд манайхныг өрсөлдүүлбэл тэдний дор л лав орохгүй гэж би ярилцлага өгсөн. Харин тийм өрсөлдөөн болоогүй.
Бид ийн ярилцсан юм. Хятад, орос, англи хэл дээр энерги үзэх, эмчлэх эрхийг Дэлхийн энергийн төвөөс хүртсэн энэ эмэгтэй түмэн олондоо зориулж 21 дарь эхийн бодлын орон буюу түлхүүр сүмийнхээ нээлтийн үеэр Македоноос нэгэн ховсчийг урьж авчирсан нь манайхны гайхал бишрэлийг төрүүлээд амжсан төдийгүй ховс гэдэг чинь ийм зүйл байдаг юм байна гэх ойлголтыг жинхэнэ утгаар нь мэдрүүлсэн гэдэг. Тэгвэл энэ хоёр хүн хамтран дэлхийг тойрч зовсон олонд буян үйлдэхээр болсон гэдгийг дуулгахад таатай байна.

2 Сэтгэгдэлтэй:

Miss lummom said...

Др. Коллинз Рафаэлийн гэр бүлдээ итгэж, яаравчлан бахархалтайгаар эмчлүүлж байхыг хүсч байна. Тэрбээр өөрийн өвчтөнд өөрийн бөөрийг нэг доллараар их мөнгөөр худалдаж авсан. Мишель, Лопес нарын бичсэн интернетийн эмчийн бичсэн эмчийн бичсэн захианы хаяг нь түүнд баярлан талархаж, бөөр худалдаж авснаар хэрхэн санхүүгийн тусламж авснаа дэлхий даяар ярихад би имэйлээр хурдан шуурхай мэдүүлсэн юм. Докторын шаардсан бүх эмчилгээг долоо хоногоос хэтрүүлэлгүйгээр бүх шаардлагыг хангасан бөгөөд миний хагас мөнгөн шилжүүлэлтийг шилжүүлэхийн өмнө миний дансанд орж ирсэн зүүд шиг санагдаж байна. Doctorcollins3@gmail.com хэдхэн сарын өмнө та бүхэнтэй адил төстэй санхүүжилт авах боломжтой болсон. Би үүнийг эцэст нь дуусгах үед үүнийг хийхээр амласан.
Doctorcollins3@gmail.com
Би бол Анита.
Монголоос

UROLOGY said...

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл
манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Post a Comment