2012/02/23 | By: Дэлдэн

М.Ичинноров-Үнэ цэнэ Лекц

 Монголчууд бид өнөөдөр шударга ёсны тухай их ярьдаг. Ардчиллын тухай бол бүр ч их ярьдаг.  Тэр тусмаа, нийгэм маань болохгүй байна, бүтэхгүй байна, тогтолцооны гажиг, системийн буруу, хуулийн цоорхой гэж ярьдаг. Тэгвэл тогтолцоог хүн бүрдүүлдэг. Системийг хүн бүтээдэг. Хуулийг хүн бичдэг. Бас хүн л хууль, шударга ёсыг зөрчдөг.
 Тэгэхээр хувь хүний үнэ цэнэ, хувь хүний төлөвшил нийгмийн хөгжлийн хамгийн чухал суурь юм байна гэдгийг олон жил энэ үндэстний хөгжил, дэвшил, шинэчлэлт, өөрчлөлтйн төлөө зүтгэж явахдаа олж ухаарсан билээ. Энэ үйлсэд хувь нэмэр болох үүднээс "Үнэ цэнэ" номоо бичсэн юм.

    "Үнэ цэнэ" ном маань амьдралын үнэт зүйл, хувь хүний үнэ цэнийн талаар өгүүлэхдээ Ичинноров гэдэг хүний үнэ цэнэ, үнэт зүйлийг давхар харуулахыг зорьсон юм. Энэ номноос өөрийн минь үнэ цэнэ, өнгө төрх ямар нэгэн чимэг, зүүлт, магтаалгүйгээр харагдах буй заа.
1.    ЭХЛЭЛ БУЮУ ХОРИН ДОЛЛАРЫН ҮНЭ ЦЭНЭ
     Нэгэн алдартай илтгэгч 200 хүний өмнө зогсоод лекцээ уншиж байна. Тэрээр яриагаа эхлэхээс өмнө халааснаасаа хорин долларын дэвсгэрт гаргаж ирээд "Үүнийг авахыг хүсч байгаа хүн байна уу?" хэмээн асуухад тэнд цугларсан хүмүүс бүгд л гараа өргөж байна. Тэгсэнээ, нөгөө хорин доллараа гартаа базан үрчийлгэж үрчийлгэж байснаа дахиад өргөн "За одоо энэ мөнгийг хэн авахыг хүсч байна вэ? " гэхэд хүмүүс бас л бүгдээрээ гараа өргөжээ. Үүний дараа илтгэгч нөгөө мөнгөө бүүр газарт гишгэлэн, шороонд хутгаж гаргаж ирээд "За одоо энэ мөнгийг хэн авахыг хүсч байна вэ?" гэхэд хүмүүс мөн л бүгдээрээ гараа өргөсөөр байв.
Тэрээр хэлсэн нь:
     "Энэ бүхний эцэст бид нэг л зүйлийг ойлгоно. Энэ бол үнэ цэнэ. Ингэж ярьж байгаагийн гол утга нь би энэ мөнгийг үрчийлгэж, базалж, дэвсэлсэн ч энэ бүхэн түүний үнэ цэнийг алдагдуулахгүй. Тэр одоо ч хорин доллар хэвээрээ. Бидний амьдралд хэн нэгэнд гомдох, өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж бодох, сэтгэлээр унах зэрэг янз бүрийн зүйл тохиолддог ч бид тэр бүр өөрийн үнэ цэнийг алдах ёсгүй. Амьдралын үнэ цэнэ гэдэг бол бидний юу хийсэн, хэнийг таньдагаар тодорхойлогдохгүй. Харин бидний хэн болохыг тодорхойлдог. Үүнийг л хэзээ ч мартаж болохгүй" гэжээ.
Энэ үгийг бид алга ташин хүлээж авууштай.
   Тиймээ, бидний амьдралын үнэ цэнэ юу юм бэ? Энэ асуулт ухаант хүн бүхний өмнөө бодож, санаж, тунгааж явдаг үнэ цэнэтэй асуулт.
2.    "ХОС ЯТГА" БУЮУ БУСДЫН ТӨЛӨӨХ АМЬДРАЛЫН ҮНЭ ЦЭНЭ
     Номынхоо  эхний хэсгийг би "Хос ятга" хэмээн нэрлэсэн нь учиртай юм.  Миний энэ нийтлэлд өгүүлсэн хоёр найзыг маань Цогоо, Оюунжаргал гэдэг. Тэр хоёр маань жирийн нэгэн хөгжмийн зохиолч, сэтгүүлч. Өөрсөддөө байсан бүхий л өмч болох алтан ээмэг, бөгж, 9919-тэй дугаараа заран хүүхдийн хөгжмийн боловсролд зориулан ном хэвлүүлж, зах зээлийн шуурганд өртөн унаж байсан сонгодог урлагийг аврахын төлөө, цалин хангамж багатай сонгодог урлагийн залууст дэмжлэг үзүүлэх, тэднийг урамшуулан, гаргаж ирэх хөгжмийн Виртуоз наадмыг санаачлан зохион байгуулж, урлагт ээлтэй энэ хоёр хос бусдын сайн сайхны төлөө амьдралаа зориулсан. Тэд үүнийхээ төлөө төр засгаас шагнал хүртэж байгаагүй ч энэ хоёрын маань тусалж дэмжсэн залуус өнөөдөр тив дэлхийд хүчээ үзэж, нэрээ гарган мандаж байна. Тэр хоёрын маань амьдралын үнэ цэнэ нь бусдын амжилтанд оруулсан хувь нэмрээ харан түүнээсээ сайхан мэдрэмж, сэтгэлийн таашаал авах юм. Оюунаа маань одоо ч чихэндээ ээмэггүй. Гэхдээ, тэр аз жаргалтай. Цогоо маань одоо ч унах машингүй. Гэхдээ, тэр нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой. Энэ хорвоод сайн хүмүүс нь муугаасаа олон байдаг нь бахархууштай. Тэр хоёр шиг гайхамшигт, өглөгч, сайхан сэтгэлтэй хүмүүсийн нуруун дээр энэ хорвоо тогтож байдаг нь бүр ч гайхамшигтай.  Тэр хоёрт зориулан Морин хуурын чуулгын удирдаач Түвшинсайхан "Хос ятга" хэмээх хос ятгын аялгуу зохиосон билээ. Ямартай ч тэр хоёрын маань үнэ цэнэ эгшиглэнт хөгжмийн аялгуунд мөнхрөн үлдэх буй заа.
3.    ЯДУУСЫН ХОРООЛЛЫН БАГШ БА ХАЙРЫН ҮНЭ ЦЭНЭ.
   АНУ-ын нэгэн их сургуулийн социологийн их сургуулийн профессор Балтимор хотын ядуурал, хүчирхийлэл үүрлэсэн хамгийн хэцүү нэг дүүргийн сургуулиуд руу оюутнуудаа илгээж тэндхийн хүүхэд бүрийн ирээдүйн талаар үнэлгээ өгөхөөр явуулжээ.
Оюутнуудын авчирсан тайлан "ирээдүй нь найдваргүй" гэсэн ганц тодорхойлолттой ирж байлаа. Хорин таван жилийн дараа нөгөө профессор тэр судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн талаар олж мэдэхийг оюутнууддаа даалгажээ. Гайхалтай нь тэдний 25 нь өөр газар руу явсан тул юу болсныг мэдэх боломжгүй байсныг эс тооцвол үлдсэн 180 хүүхдийн 176 нь амжилтанд хүрч хуульч, эмч, сэтгүүлч, хотын дарга, багш гээд олны хүндэтгэл хүлээсэн хүмүүс болсон байв. Профессор өөрөө ч гайхаж, гүнзгийрүүлэн судлахаар шийджээ. Хорин таван жилийн өмнө хүүхэд байсан тэдэнтэй нэг бүрчлэн ярилцаж, ийнхүү амжилтанд хүрэхэд чухам юу тус болсныг лавлажээ.
Хамгийн сонирхолтой нь тэдний өгсөн хариулт нэг л байсан буюу "энэ бол багш маань" гэсэн үг байлаа. Тэдний багш байсан эмэгтэй амьд сэрүүн, өндөр насыг зооголсон хэрнээ саруул ухаантай нэгэн хэвээрээ байв. Профессор түүнтэй уулзаж, ядуусын дүүргийн 180 хүүхдийн 176-нх нь амьдралыг хүнд нөхцөл байдлаас амжилтанд хүргэхийн тулд юу хийснийг нь лавласан байна.
 "Үнэндээ энгийн зүйл л дээ" хэмээн настай хатагтай инээд алдан "Би тэдэнд хайртай байсан юм" гэжээ
 4.    ТАХИА БОЛСОН БҮРГЭД БУЮУ ИТГЭЛ ҮНЭМШЛИЙН ҮНЭ ЦЭНЭ.
Та бүхэн энэ зүйрлэл өгүүлэлийг урьд нь сонсож байсан байх.
    Бүргэдийн дэгдээхий санамсаргүй тахианы дэгдээхийнүүдийн дунд уначихжээ. Өөрийгөө тэдэнтэй адилхан гэж бодоод тахианы дэгдээхий адилхан мэт аашилдаг байв. Тэдэн шиг донгодож, идэх зүйл хайн гүйдэг байлаа. Нэгэн өдөр тэнгэрт нисч буй бүргэдийг олж харжээ. Ямар гайхалтай шувуу вэ? Ямар гоё өндөрт нисдэг юм бэ? Би ингэж дүүлэн нисэх юмсан гэж боджээ. Дэгдээхийнүүд түүнд "Бүү хоосон мөрөөд. Тэр чинь Бүргэд" гэж хэлжээ.
Хэн нэгэн түүнийг бүргэд гэдгийг нь хэлж, итгүүлэх хэрэгтэй байлаа. Гэвч, түүнд ингэж хэлээгүй нь түүнийг амьдралынхаа төгсгөл хүртэл тахиа шиг амьдрахад хүргэжээ.
"Бид юунд итгэнэ. Тэр нь бидний амьдралыг урагшлуулна. Аль эсвэл хойш татна".
    Үнэхээр ч хүн өөрийнхөө талаар юу гэж бодно тэр бодол амьдралыг нь тодорхойлдог. Намайг хүүхэд байхад миний насны охид оёж хатган, дотуур хувцсаа хүртэл оёод өмсчихдөг байлаа. Энэ сайн зүйл боловч харамсалтай нь надад тэгэх хүсэл ердөө ч төрдөггүй байв. Одоо миний ээж нэг зүйлийг үргэлж дурсан ярьдаг. Би түүнд ээжээ, би эдгээр зүйлийг хийж сурахыг хүсэхгүй байна. Би том болоод эрдэмтэй, чадалтай хүн болчихоод энэ бүхнийг дэлгүүрээс худалдаад авчихдаг болно. Надад үүнийг оёж сурсан байх хэрэгцээ байхгүй гэж хэлсэн. Ээж маань үүнийг тод санадаг бөгөөд миний охин өөрийн ирээдүйгээ төсөөлж, бас өөрийнхөө амьдралд тийм итгэлтэй хүүхэд байж дээ гэж ярих дуртай.
Заримдаа бид өөртөө итгэх итгэлээ өсгөх гэж, арайхийн урагшаа алхаж байтал бидний дотор байдаг сүүдэр мэт дагадаг өөртөө үл итгэх юмуу өөр буруу зүйлд итгэх итгэл маань хойш нь татан, чангаан зуурдаг. Харамсалтай нь олон хүн өөрийгөө чадамж, авъяас бэлгээсээ доогуур үнэлж явдаг. Өөрийгөө чадахгүй гэдгийг өөртөө итгүүлж, бусдын тийм үгэнд урхидуулсан байдаг.
    Өөртөө итгэнэ гэсэн нь ирээдүйдээ итгэнэ гэсэн үг. Ирээдүйдээ итгэнэ гэдэг нь яг өнөөдөртөө төвлөрч, мөрөөдөл заавал биелнэ гэдэгт итгэсэн амьдрал юм. Хүсэл мөрөөдөлдөө итгэнэ гэдэг амжилтын маань ихэнх хувь биеллээ оллоо гэж үзэх үндэстэй. Яагаад гэвэл итгэл бидэнд найдварыг өгдөг. Найдвар бидэнд үйлсийг өгдөг. Үйлс бидэнд үр дүнг авчирдаг. Энэ л амжилтын энгийн тойрог юм. Тойрог гэж хэлж байгаа маань ч учиртай.  Үр дүн буюу тодорхой хэмжээний амжилт нь бидний итгэлийг улам өрддөг. Ингээд их итгэл, их найдвар, их үйлс, их үр дүнгийн харилцан хамаарал бий болдог.
"Энэ дэлхийгээс ч илүү агуу хүчинд харьяалагддаг гэдэгтээ би бүүр таван настай байхдаа л итгэж байлаа. Өвөг дээдсийнхнээс маань өөр хувь заяа надад өгөгдсөн гэдэгт итгэлтэй байсан".  Опра Винпри
 5.    ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛТЭЙ, ХАРАА ЗОРИЛГОТОЙ АМЬДРАЛЫН ҮНЭ ЦЭНЭ.
   Энэ дэлхийн хамгийн агуу хүмүүсийн нэг болох Хелен Келлер багаасаа хүнд өвчин туссаны улмаас хараагүй, хэлгүй, дүлий болсон эмэгтэй. Тэрээр энэ дэлхийн хамгийн өндөр боловсролтой хүмүүсийн нэг болсон хүн байлаа. Тэр хэлэхдээ "Хамгийн аюултай зүйл бол хараатай хүн хараагүй байх явдал" гэж хэлжээ.
Алсын хараа, мөрөөдөл бидэнд үндсэндээ гурван зүйлээр өгөгддөг.
1.    Ихэнх хүмүүсийн хувьд энэ нь тухайн хүний туулсан зовлон бэрхшээл, амьдралын хэрэгцээ шаардлагаас урган гарч ирдэг.
2.    Зарим хүмүүсийн хувьд амьдралд өгөгдсөн боломж нь түүнийг алсын хараагаа хэрэгжүүлэх шалтгаан болдог. Эцэг эхээс өвлөгдөж ирсэн хөрөнгө, эрх мэдэл гэх мэт.
3.    Олон хүн алсын харааныхаа төлөө цаанаасаа төрсөн, дуудлагатай хэмээн итгэдэг учраас агуу зүйлийн төлөө амьдардаг.
      Өөрийнхөө хараа, мөрөөдлийн талаар та бүхэнтэй хуваалцахыг би хүслээ. Сургуулиа төгсөөд Дээд Шүүхэд ажиллаж байхдаа шударга ёс хэрэгжихгүй байгааг харж мэдэж байлаа. Заримдаа хохирогч хүн хэрэгтний ширээний ард суухыг харан бухимддаг байлаа. Бас нэг дүү маань хүчирхийлж дарамтлан зоддог нөхрийн гарт тарчлан зовж байгааг харж, түүнд минь туслах, хууль эрх зүйн ямар ч систем үйлчлэхгүй байгааг мэдэж байлаа. Дараа нь Америкт төгсөж ирээд хүний эрхийг хамгаалдаг, ардчиллын үндэс суурийг бэхжүүлсэн хууль эрх зүйн систем яаж ажилдагийг харан, сурснаа Монголдоо хэрэгжүүлэхийг хүсэн тэмүүлж зориглон зүтгэсэн юм. Англи хэлтэй хуульч болж ирсэний хувьд надад олон сайхан ажлын саналууд ирж байлаа. Өндөр цалин хөлстэй, хангамжтай ажлууд ч байсан. Түүний дотор алтны компаний захирлын ажил хүртэл байлаа. Би хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн, хууль эрх зүйн шударга бус тогтолцоог өөрчлөх хараагаа хэрэгжүүлэхээр санаа шулуудсан байлаа. Ингээд нөхрийнхөө хандив болгож өгсөн 1000 доллараар анхны ажлын гараагаа амжилттай эхэлсэн юм. Хуульчдын дунд "Эрх зүйн шинэтгэл" нэртэй сонин гаргахад хуульчид талархан хүлээж авсан юм. Шинэ сэтгэлгээтэй хүн гарч ирлээ гэж харсан. Удалгүй Ийгл ТВ-ээр өөрийн гэсэн ТВ-ийн програмтай болж нэвтрүүлгээ өөрөө хийн, хөтлөн явуулдаг болсноор олон нийтэд танигдаж эхэлсэн нь 2002 он байлаа. Түүнчлэн стратегийн өмгөөлөл гэгч шинэлэг үйлсийг санаачлан нэг хүний тохиолдлоор дамжуулан нийгэм, систем, хууль эрх зүй, сэтгэлгээ, тогтолцоог өөрчлөх оролдлогуудыг хийж эдгээр хэргүүд нь Монгол улсад шоронгийн шинэчлэл, эрүүгийн эрх зүйн шинэчлэл, шүүхийн шинэчлэл, эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хүндэтгэх болон хүний эрхийн төрийн механизмыг бий болгох чухал шинэчлэлүүдийг авчралцсан билээ.  Эргээд харахад алсын хараанд маань нөлөөлөх дээрх гурван хүчин зүйл гурвуулаа надад байжээ.
    Үнэ цэнэтэй амьдрахад маань нөлөөлсөн хүчин зүйлс нь нийгэмд хэрэгтэй шинэчлэлүүд, хүмүүсийн нуруундаа үүрсэн зовлон, ачаа, өөрчлөлтийн төлөөх хүсэл, түүний төлөө төрсөн гэдгээ мэдэж амьдарсан гал халуун зориг байлаа. Улмаар иргэний хөдөлгөөнийг Монголд санаачлан, улс төрд хөл тавьсан маань ч урьд өмнө хийсэн өөрчлөлт, шинэчлэлийн галаа өөр түвшинд үргэлжлүүлэн асаах явдлаас өөр зорилго агуулаагүй билээ. Энэ дунд хэл ам, гүжир гүтгэлэг, доромжлолыг ч туулж явна. Гэвч, шантаршгүй зориг, тууштай байдал хамгийн чухал юм гэдгийг л ойлгосон.  Бусдаас авдаг урмын үг хамгийн үнэ цэнэтэй бэлэг болдог.
6.    ҮНЭ ЦЭНИЙГ НЬ МАРТАЖ БОЛОХГҮЙ БАС НЭГЭН ЗҮЙЛ БОЛ ЗОВЛОН БЭРХШЭЭЛ.
     Өөдрөг хүн цөхрөл дундаас боломжийг олж хардаг. Гутранги хүн боломж дотроос цөхөрлийг түрүүлж хардаг. Угтаа бэрхшээл гэдэг бол шийдлээ хүлээсэн боломж юм.
7.    АМЬДРАЛЫН ХАМГИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ ЗҮЙЛ БОЛ ЭРХ ЧӨЛӨӨ.
     Эрх чөлөөт оронд амьдарч байгаа минь бид бүхэнд ямар сайхан бэлэг вэ! Би эрх чөлөөтэй төрсөн энэ хүү бэлгийг баяр хөөртэйгөөр талархан хүлээж авах хэрэгтэй гэдэгт огтхон ч эргэлздэггүй. Дэлхийн эргэн тойронд болж буй аймшигт явдлуудын тухай олон зуун түүхийг сонссоныхоо дараа би Монголд төрсөн эмэгтэй хүн бол энэ дэлхийн хамгийн азтай эмэгтэйчүүдийн нэг юм гэдгийг мэдэрч билээ. Иймээс сайн сайхан хувь тавилангийнхаа дагуу явж амьдралаа хамгийн өндөрлөгт нь хүргэ. Өөрөө өөрийнхөө амьдралын замыг сонгох эрхтэй байна гэдэг Бурханаас бидэнд өгсөн агууу их боломж юм. Үүнийг ашигла. Боломжийг бүү алд.

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment