2012/06/20 | By: Дэлдэн

Арвижахын цондон хуримтлал (1 хэсэг)

 
Найз минь багадаа гутлын хайрцганд задгай зоосон мөнгө цуглуулдаг байж билээ.
Тэр үед зоосон мөнгө цуглуулдаг тусгай сав ( зоосон мөнгөний гахай) ч байсангүй . Найзыгаа дууриаж хэдэн сар уйгагүй , тэвчээртэйгээр цуглуулж , хуримтлуулж билээ. Нэг л өдөр тэсэлгүй нөгөө хуримтлуулж , цуглуулсан хэдэн төгрөгөөрөө нэг юм авчихсан юм.


Юу авсан нь санаанд буухгүй байхыг бодвол нэг их чухал зүйл байгаагүй бололтой. Харин найз минь хуримтлуулж , хадгалсаар байсан. Арваа төгсөөд найз маань автын инженер болж, одоо төсвийн байгууллагад ажиллаж байгаа. Ямар нэг бизнес эрхлээгүй , зөвхөн бага наснаасаа хуримтлуулж, хураасан мөнгөөрөө товхийсэн орон байр, зуслангийн байшин, унаа тэрэгтэй, үр хүүхэд, өөртэй банкиндаа хадгаламжтай сайхан л амьдарч байна. Найз маань маргаашдаа маш их итгэлтэй байдаг .
“Би бизнес хийж чадахгүй, харин олсон хэдэн төгрөгөө зөв зарцуулж , хуримтлуулаад 60 гараад жаргаж амьдарна ” гэж хэлдэг юм . Би найзаа мэдэхийн хувьд түүний энэ үгэнд 100 % итгэдэг. Хүн ер нь олсоныхоо хэрээр баяждаггүй, харин хуримтлуулж, цуглуулсныхаа хэрээр эд , хөрөнгө , ахуй амьд ралаа дээшлүүлдэг. Бид нар нэг л өдөр их цалин, орлоготой болж цөм хийж баяжина гэж өрөөсгөлөөр бодож , өөрсдийгөө болон өрөөлийг хуурсаар л явна. Харийн оронд ахуй амьдралаа дээшлүүлэхээр зорин тэндээ амьдарч , ажиллаж байгаа олон залуус эхний жилдээ нэлээд туйлбартайгаар мөнгөө хуримтлуулж байгаад жил өнгөрөх тусам цалин хөлс нь нэмэгдэж байгаа боловч анхны жил шигээ мөнгөө хуримтлуулж чаддаггүй .
Цалин хөлс нь нэмэгдэхийн хэрээр, зарлага нь төдий чинээ нэмэгдээд байдаг. Яагаад гэдгийг мэдсээр байж, үүнийгээ ер анхаарахгүй улам ч мөнгөний гачаалд ороод л байдаг. Энэ зөвхөн гадаадад байгаа монголчуудад бус эх орондоо байгаа хүмүүст ч хамаатай. Уул уурхайд ажиллаж байгаа залуус сардаа 21 хоног ажиллаад авдаг 800 мянгаас 1.5 сая төгрөгийн цалингаа 7 хоног амрахдаа баар, хүүхэнд үрж байна даа.
Гэхдээ бүгд тийм биш боловч нийтлэг ийм юм болоод байна цаагуур чинь. “ Дуслыг хураавал далай , дуулсныг хураавал эрдэм “ гэдэгдээ мөнгийг бага гэлгүйгээр хуримтлуулж, хурааж чадвал далайн хэмжээний биш юмаа гэхэд шандны хэмжээтэй байх байлгүй. Ер нь ямар хүн хамгийн их өөртөө итгэлтэй байдаг вэ гэвэл янз бүрийн хариулт хэлэх байх. Жишээлбэл: Бяр хүч чадалтай, эрүүл чийрэг, эрдэм номтой, ухаантай боловсролтой гэх мэтээр цааш дурдвал зөндөө юм урсаж өгөх байх л даа. Минийхээр бол хуримтлалтай л хүн ( мөнгөн болон бусад ) хамгийн их өөртөө болон ирээдүйдээ итгэлтэй байна. Хүн хичнээн их ухаантай, боловсролтой, эрүүл саруул байгаад ч нэг өдөр гай болж элдэв юм болоход барьц алдахгүй байя гэвэл цуглуулж, хураасан хуримтлалтай л ( хуучнаар бол хатуу юмтай ) байх хэрэгтэй.
Үргэлжлэл бий…
СЭЗДС- ийн Бизнесын Удирдлагын магистрант Ч. Раднаа

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment