2012/01/26 | By: Дэлдэн

Интернет таны талаар бүгдийг мэднэ





Та интернетээс мэдээллээ үнэгүй авчихдаг гэж бодож байна уу. Ердөө ч тийм биш гэнэ. Төлбөрийн оронд та бусдад өөрийнхөө талаарх мэдээллийг үнэгүй өгдөг, харин танд хэн ч энэ талаар эргэж мэдээлдэггүй аж. Доорх нийтлэлийн зохиогч Жоэль Стэйн холбогдох байгууллагуудад захиалга өгч өөрийнхөө талаарх мэдээллүүдийг олж авчээ. Тэдгээрийг үндэслэн энэхүү нийтлэлийг бичсэн байна.   
Стэйн “reputation.com” сайтад өөрийн нэр, цахим хаягаа оруулахад гурван цагийн дараа тус сайтын менежер Майкл Фертик түүнтэй холбоо барьж нийгмийн даатгалын дэвтрийн дугаарыг нь мэдээлжээ.ы сонирхсон мэдээллүүдийг бид уг нь хоёр цагийн өмнө бэлдчихсэн байсан л даа. Би их зав муутай байсан болохоор тан руу ярьж амжсангүй” гэж хүлцэл өчиж. Америкчуудын хувьд нийгмийн даатгалын дэвтэр нь олон талаараа иргэний үнэмлэхийг орлохуйц чухал бичиг баримтад тооцогддог тул энэ бол их ноцтой асуудал. “Сүүлийн хэдэн сарын дотор би өөрийнхөө талаар олон шинэ зүйлийг мэдэж авсан. Зарим сайтууд буруу мэдээлэл өгсөн нь бий. Тухайлбал, “Google Ads Preferеnces”-д намайг улс төр, ази үндэстний хоол, үнэртэн, одуудын талаарх шар мэдээ, хүүхэлдэйн кино, гэмт хэргийн талаарх мэдээллүүдийг сонирхдог гэж бичжээ. Гэтэл сайтуудын “уран зохиол”, “хүн ба нийгэм” булангуудыг сонирхон уншдаггүй хүн гэж байдаг билүү. Тиймээс дээрх мэдээллүүд бүгд худал. Тэгвэл “Yahoo!” компани намайг 36-45 насны эрэгтэй, “Мас” компьютер ашигладаг, хоккей, рэп, хүүхдийн хүмүүжил болон хоолны жорын талаарх мэдээлэл, хувцас болон гоо сайхны бүтээгдэхүүн сонирхдог, Нью-Йоркт амьдардаг гэж таамаглав. Гэтэл би Лос-Анжелест нүүж ирээд зургаан жил болж байна” гэж зохиогч бичжээ.

“Alliance Data” хэмээх Техас дахь мэдээлэл, маркетингийн пүүс Стэйнийг 39 настай еврей, коллеж төгссөн, жилдээ багаар бодоход 125 мянган доллар олдог, онлайнаар их юм авдаг, гэхдээ дунджаар 25 долларын л бүтээгдэхүүн худалдаж авдаг гэжээ. Мөн 2004 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр 46 доллараар барааны хөнгөлөлтийн карт, 2010 оны аравдугаар сарын 10-нд 180 доллараар дотуур хувцас худалдаж авсан гэж мэдээлэв. “Түүнээс гадна намайг 1939 онд баригдсан байшинг худалдан авахдаа 854 мянган долларын өр тавьсан гэжээ. Усан тэнэгүүд” хэмээн бухимдалтайгаар өгүүлсэн байна.   
Тэгвэл “RapLeaf” компани Стэйнийг илчилж чаджээ. “Тус компани намайг 35-44 насны эрэгтэй, Лос-Анжелест амьдардаг гэж зөв мэдээлсэн. Гэхдээ хүүхэдгүй, эмч мэргэжилтэй, пикап машин хөлөглөдөг гэж үзэв. Тэд “Time” дахь миний нийтлэлүүдийг уншдаггүй бололтой” хэмээн зохиогч хошигнон өгүүлжээ.

“Intellidyn” сайт Стэйн, гэргий Кассандра хоёрыг цэцэрлэгжүүлэлт, хувцасны загвар болон барилгын дотоод засал чимэглэлийн талаар сонирхдог гэж мэдэмхийрсэн аж. “Биднийг Европын гол нууруудаар аялана гэж таамагласан байсан шүү. Гэтэл бид хоёрт ийм төлөвлөгөө ер байхгүй” гэв.
Хувь хүний талаарх мэдээллийг сурталчилгааны компаниуд худалдан авдаг аж. Тэрхүү мэдээлэлд үндэслэн эдгээр компани та бүхэнд холбогдох сурталчилгаа, танилцуулгыг илгээдэг. “Хүмүүсийн хувийн мэдээллийг цуглуулж, тэднийг борлуулдаг компаниудын орлого тэрбум доллараар хэмжигддэг гэнэ шүү. Сенатч Жон Керри Сенатын харилцаа холбоо, технологийн дэвшил, интернетийн асуудал хариуцсан дэд хорооны тэргүүнээр ажилладгийн хувьд ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудыг олж авсан мэдээллүүдээ хакеруудаас хамгаалах, мөн иргэдэд өөрсдийнхөө мэдээлэлтэй танилцаж, засвар хийх боломжоор хангах, иргэдийг интернетэд мөрдөн мөшгихийг хориглох тухай хуулийн төсөл боловсруулж байгаа аж.

Харин АНУ-ын худалдааны асуудал хариуцсан Холбооны комисс хэдийнэ хайлтын томоохон системүүдийг эзэмшдэг компаниудад хандан уриалга гаргаад байгаа. Хэрэглэгчдэд хувийн мэдээллийг нь цуглуулах ажлыг хориглох эрхээр хангаж өгөх механизм боловсруулахыг тэд нарт уриалав. “Amazon”-ы хувьд урьдын адил таны худалдан авалт, захиалга зэргийг бүртгэж авч энэ дагуу сурталчилгаа илгээх эрхээ хадгалж үлдэх ч таны зөвшөөрөлгүй бусад компаниудад хувийн мэдээллийг тань шилжүүлэх эрхгүй болох юм байна” гэж нийтлэлд дурджээ.
“Хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүй цуглуулж, үүгээр мөнгө олох явдал зөвхөн өнөө үед бий болсон юм биш. Энэ л санааны ачаар утасны жагсаалтын ном бий болж, бид ч шуудангийн хаягаараа сурталчилгааны материалуудыг хүлээн авсаар байгаа шүү дээ” гэж бичсэн нь үнэний ортой. Тэгэхээр бид түрхэн зуур мэдээлэл олж авахдаа хариуд нь өөрсдийнхөө талаарх хувийн мэдээллээ өгсөөр байх уу гэдэг асуудал тавигдах нь ойлгомжтой.

“Амьдран сууж буй байрны тань үнэ, гэр бүлээ цуцлуулсан, шүүгдэж байсан талаарх баримт болон улс төрийн бүлэглэлүүдэд мөнгө хандивласан гэх зэрэг мэдээллүүд олон нийтэд нээлттэй байсаар ирсэн. Гэхдээ эдгээр баримт янз бүрийн байгууллагуудад байршиж, тэднийг олж авахын тулд ажиллагаа ихтэй олон тооны баримт бөглөдөг байсан бол одоо хулганаараа ганцхан дараад л олж авах боломжтой болжээ” гэж зохиогч өгүүлсэн байна.
Интернет үүсэхээс өмнө ийм мэдээлэл олж авахын тулд хувь хүнийг араас нь мөрдөн мөшгиж, утсыг нь чагнах шаардлага тулгардаг байв. Харин орчин үед интернэтээс энэ бүгдийг олж авч болж байна. Бүр зарим талаараа яршигтай ч юм шиг. Нэг найздаа э-мэйлээр Техас явах гэж буйгаа дуулгавал “Gmail” тэр дор нь танд Хьюстон дахь ресторануудын талаарх танилцуулгыг илгээдэг билээ. “Яах вэ, зарим талаараа ашигтай л юм” гэж Стэйн хүлээн зөвшөөрч байна. Угаасаа ч сурталчилгааны компаниудад таны хэн бэ гэдгээс илүүтэй интернетэд хийж буй үйлдлүүд чинь чухал. Тийм учраас тэдний ийн мэдээлэл цуглуулж буй нь та бидэнд нэг их хохиролтой зүйл болж чадахгүй гэж Стэнфордын хуулийн сургуулийн М.Райан Кейлоу итгүүлж байна.

Харин Вашингтон дахь Ардчилал, технологийн төв (Center for Democracy and Technology)-ийн захирал Жастин Брукмэн иймэрхүү үйл ажиллагааны уршгаар гол нь ажил олгогч эсвэл банкны удирдлагууд хувь хүний талаарх бодит бус, худал мэдээллийг үндэслэн ажилд авахгүй, зээлийн карт олгохгүй байх вий гэж эмээж буйгаа илэрхийлжээ. Тэгэхээр хүн бүр блогтоо, түүндээ бичиж буй нийтлэлүүддээ хувийн мэдээллээсээ юуг нь олонд дэлгэх вэ гэдгээ өөрөө л шийднэ.
“Facebook-ийн хувьд өөрт нь шаардлагагүй учир таны байршуулсан хувийн мэдээллийг тань бусдад зардаггүй. Интернет дахь бүх сурталчилгааны 23.1 хувь нь “Facebook”-т байршсан байдаг. Харин мэдээлэл цуглуулагч компаниуд энэ сайт дахь таны нууцлаагүй мэдээллүүдийг чинь цуглуулаад бусдад зардаг. Та хувийн мэдээллүүдээ дээд зэргээр нууцалж байж л энэ үйлдлийг зогсоож чадна. Ингэсэн тохиолдолд та бусадтай үзэл бодлоо хуваалцах тэрхүү сайхан боломжоо алдахад хүрнэ. Учир нь олон нийттэй харьцахын тулд л та блог нээсэн шүү дээ” гэж зохиогч нийтлэлдээ дурджээ.

“Facebook шиг нарийн мэдээлэлтэй бас нэг сайт нь “Google” билээ. Тус компаниас зохион явуулсан хэвлэлийн хурлаас “Google” юутай ч бидний мэдээллийг хамгаалдаг юм байна гэдгийг ойлгож авсан. “Google” сайт хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллүүдийг хамгаалах зорилгоор олон газар байршуулдаг гэж ажилтнууд нь итгүүлж чадлаа. Тухайлбал, “Gmail”, “YouTube”, “Blogger”, “Picasa”, “iGoogle” зэрэг сайтуудад бүртгүүлэхдээ бичсэн таны хувийн мэдээллүүдийг чинь (овог нэр, нас, хүйс, э-мэйл хаяг, zip код г.м) нэг “хайрцаг”-т, сүүлийн есөн сарын хугацаанд интернэтэд хайж байсан бүх зүйлийн чинь жагсаалтыг компьютерын ID дугаараар бас нэг “хайрцаг”-т хадгалдаг гэнэ. Түүнээс гадна “Google Dashboard”, “Google Ads Preferеnces” дээр хувийн мэдээллүүдийг тань хуулбарлаж авахыг хориглох тохируулгууд бий” гэж Стэйн бичжээ.

Зохиогч маань компьютертээ “Ghostery” программ суулгасан аж. Энэхүү программ аль нэг сайтыг мөшгиж буй компаниудыг үйлдэл дээр нь илрүүлж, дэлгэцэн дээр нэрсүүдийг нь гаргаж өгдөг байна. “reputation.com” сайтын удирдлага сарын ердөө 8.25 доллараар таныг интернет-мөшгигч компаниудаас ангижруулах аж. Арай их хэмжээний төлбөр төлвөл “Google”-ын хайлтын системд таны нэр дээр худал үр дүнг харуулж өгөх баталгаагаар хангаж өгдөг гэнэ. “Гэхдээ reputation.com-ын үйлчилгээг авсан ч олон нийтэд дэлгэн тавьсан бүх мэдээллүүдээ нууцлах боломжгүй л дээ” гэж зохиогч санаашрангуй бичжээ. Иймэрхүү маягаар мэдээлэл олж авах үйл ажиллагаа нууцлаг байхыг хүсдэг улс төрийн тэрс үзэлтнүүд эсвэл ямар нэгэн байдлаар олонд ил гарахыг үл хүсэх хүмүүсийн амь амьдралд ноцтой аюул учруулж болзошгүй гэдгээс хуульчид эмээх боллоо.

Юутай ч Америкийн компаниуд интернетийн үйл ажиллагааг тунгалаг байлгахын төлөө чармайн ажиллаж байгаа аж. Хүсвэл “Firefox”, “Google Chrome” дээрх хувийн мэдээллээ блоклох боломжтой болж. Мөн сурталчилгааны баннерууд дээр “i” гэсэн жижиг үсэг бий. Үүн дээр дарахад таныг ямар компани мөрдөж буйг, мөн уг компаниуд ямар ажиллагаа эрхэлдгийг мэдэж авах боломжтой аж.
“Хамгийн сонирхолтой нь, интернет-мөшгигч компаниуд мэдээллийг хэрхэн цуглуулж авдаг талаар улам ихийг мэдэх бүрийд миний сэтгэл улам бүр тайвширч байлаа.
Эцсийн дүндээ эдгээр компаниуд олж авсан мэдээллүүдээ лав л муу үйлсэд ашигладаггүй бололтой. Нэг талаас тэдний тусламжтайгаар хүүхэд асрагчаа гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг мэдэж авах, өөрт ашигтай мэдээлэл, сурталчилгааг үзэх боломжоор хангагдаж байгаа нь сайшаалтай ч юм шиг. Нөгөө талаар таны тухай мэдээлэл бусдад тийм ч сонирхолтой зүйл биш учраас дээрх компаниудад тэр бүр хүн хандахгүй биз ээ” гэж Стэйн тайвшруулжээ.

0 Сэтгэгдэлтэй:

Post a Comment