2012/02/20 | By: Дэлдэн

Булчингийн систем

Биеийн хөдөлгөөн нь араг ясны булчин буюу алаг судалт булчингууд агшин томорч механик ажил хийсний дүнд үйлдэгддэг. Дуран авайгаар харахад эдгээр булчингуудын эд эс нь хар, цагаан үснүүдийг жигд алаглуулсан мэт харагддаг. Эдгээрийн хөдөлгөөн нь бидний хүсэл зориг санаанаас хамаардаг. Бас нэг төрлийн булчингийн эд эс нь гилгэр жигдхэн өнгөтэй хүний хүсэл зоригоос үл хамааран өөрөө агшиж байдаг юм. Үүнд: Дотор цул эрхтэн, арьс, судас, зүрхний булчин хамаарах жишээтэй. Булчин хэлбэрээр нь урт (хоёр толгойт), богино (мөрний гурвалжин), хавтгай (цээжний том булчин) гэж 3 ангилдаг. Хүний хүсэл бодлоос хамаарч биеийн булчин нь агшиж, сунаж байдаг болно. Нэг хэсэг булчингийн суналт нь бусад булчингийн агшилттай тохирч байдаг. Үүнээс үзэхэд булчингийн систем нь харилцан уялдаатай хэсэг булчингаас тогтдог.

Жишээлбэл: Гарыг тохойн үеэр нугалахад гарын хоёр толгойт булчин, мөр, шууны булчин оролцдог. Эдгээр нь харилцан уялдаатай /синергист/ хэсэг бүлэг булчин болох ба эдгээр булчингийн хувьд эсрэг байрлалтай гарын гурван толгойт булчин эрчимгүй тэнийх жишээтэй. Иймд гарын гурван толгойт булчинг эсрэг ажилладаг /антогонист/ булчин гэж үздэг. Эдгээр нь ерөнхий ойлголтууд юм гэдгийг санах хэрэгтэй. Булчингууд янз бүрийн үүрэгтэй байдаг.

Булчин үйл ажиллагааныхаа хувьд: холтгогч, ойртуулагч, нугалагч, тэнийлгэгч, ротаторууд /дотогш, гадагш эргүүлэгч/ гэж хуваагддаг. Булчин өөртөө агуулагдаж байгаа энергийнхээ 30 хувийг ашигт ажил хийхэд зарцуулдаг. Иймд АҮК-оор өндөр юм. Булчингийн агшилт, түүний урт өөрчлөгдөж, эсвэл урт нь өөрчлөгдөхгүй явагддаг. Эхний тохиолдлыг изотони хүчлэлтэй динамик, дараахийг нь изометр хүчлэлтэй статик ажил хийгдэж байна гэж үздэг. Изометр ажил нь их зүдэргээтэй. Булчинг цусаар сэлбэх нь хүндэрч, мэдрэлийн импульсийн асар их урсгал зарцуулагддаг. Харин изотони буюу хөдөлгөөнт ажил нь илүү тохиромжтой. Булчингийн хүчээр хийж байгаа ажлыг ачаалал өргөн эсэргүүцэл давах буюу эерэг ажил, ачааллыг эсэргүүцэн буулгах буюу сөрөг ажил гэж ангилдаг. Булчингийн хүч, түүнийг бүтээгч бүх нэхдэсийг огтолсон талбайн хэмжээнд пропорциональ буюу булчин хэдий өргөн том байх тусам төдий чинээ хүчтэй байдаг.

Хүзүүний булчингийн үүрэг. Трапец хэлбэрт булчингийн дээд хэсгийн дээд хэсгээс хүзүүний гадаад зураглал хамаардаг. Уг булчин дал эгэмийг тогтоон барьж байдаг ба хүнд зүйлийг гартаа барьж, мөрөө өргөхөд тод харагддаг. Хүзүүний /баруун, зүүн/ хоёр хажуугийн өвчүү-эгэм-хөхөн-гарын булчингууд толгойг эргүүлэхэд тод харагддаг. Толгойг урагш тонгойлгоход уг хоёр булчин хоёулаа ажиллаж байдаг. Аль нэг хажууруу тонгойлгоход тэр талын л булчин ажиллаж байдаг байна. Хүзүүний ард байрласан булчин толгойг арагш нь гэдийлгэдэг байна. Эдгээр булчингууд үндсэндээ гавлын суурь ясанд бэхлэгдсэн байдаг.
Мөрний бүслүүрийн булчингуудын зохион байгуулалт, үүрэг. Мөрний булчингууд их биеийн дээд хэсэг, гараар хийх тун нарийн, янз бүрийн хөдөлгөөнийг хангах үүрэгтэй байдаг. Эдгээр булчингийн ажиллагаа нь гар, цээж, нурууны булчингийн үйл ажиллагаатай нягт холбоотой учраас үйл ажиллагааг нь эдгээр булчингаас салгах нь хэцүү. Мөрний булчингийн хэлбэр хэмжээ өөрчлөгдөхөд цээж, хүзүү, нурууны булчингуудад, гадаад байдалд эрс өөрчлөлт орох ба мөн эсрэг холбоотой болохыг тогтоож болно. Мөрний булчин нь грекийн дельта үсэгтэй гадаад хэлбэрээрээ төсөөтэй учраас дельта булчин буюу мөрний гурвалжин булчин гэж хойшид нэрлэх болно. Гараа чөлөөтэй сул унжуулсан үед мөрний гурвалжин булчин нь тал бөмбөлөг мэт харагддаг, ингэснээрээ мөрний галбир төрхийг тодорхойлж байдаг. Мөрний гурвалжин булчин нь мөрний ясны дээд хэсэгт бэхлэгдсэн, ил байрлалтай, богино булчин ба үндсэндээ гурван хэсгээс тогтдог, эдгээр нь өөр өөрийн онцлог үйл ажиллагааг гүйцэтгэдэг. Эдгээр гурван хэсэг нь:
1. Гурвалжин булчингийн урд хэсэг буюу эгэмийн хэсгийн гурвалжин булчин ойролцоогоор мөрний гурвалжин булчингийн нийт жингийн 29%-ийг эзэлдэг.
2. Дунд хэсгийн буюу мөрний булчин бүх булчингийн эдийн 49%-ийг эзэлдэг.
3. Далны буюу хойд хэсгийн булчин ойролцоогоор 22%-ийг эзэлдэг.
Гурвалжин булчингийн энэ нарийн зохион байгуулалт нь эдгээр булчинг хөгжүүлэх олон төрлийн дасгал, гарыг мөрний үеэр хөдөлгөх зэрэг олон хөдөлгөөн сонгон авах боломжийг хангадаг. Булчингийн энэ гурван хэсэг нь бие биеэсээ үл хамааран агшдаг. Мөрний гурвалжин булчин сайтар хөгжиж жин нь ихэссэн, булчингийн нарийн судлууд тод гарсан үед энэ гурван хэсгийн зааг ялгаа сайтар ажиглагддаг. Гараа /хоёр тийш нь/ алдлах, дээш өргөх, урагш сунгахад булчингийн дунд буюу мөрний хэсэг гол үүрэгтэй.

Гарын булчингийн үүрэг зохион байгуулалт. Гарын булчингууд нь мөрнөөс үргэлжлэх гарын ясны дээд хэсгийн 2 талаар байрласан байдаг. Урд хэсэгт нь гарын хоёр толгойт хойд хэсэгт нь гурван толгойт булчингууд тус тус байрладаг. Урд хэсэгт нь гарын шууг нугалагч гарын хүчирхэг булчин бий. Хоёр толгойт булчинг агшаах үед уг булчин тал бөмбөлөг хэлбэртэй болж сайтар ажиглагддаг. Хоёр толгойт булчингаа чангалан агшаах замаар хүч чадалтайгаа харуулах явдал амьдралд олонтоо тохиолддог. Хоёр толгойт булчин нь мөр тохойны үений аль алинд нь бэхлэгддэг онцлогтой. Хоёр толгойт булчин гарыг тохойгоор нугалах үүрэгтэй. Мөн шууг тохойгоор эргүүлэхэд оролцдог. Энэ байдлаар шууг тохойгоор гадагш эргүүлэхийг супинац гэдэг. Гарын хоёр толгойт булчинд бугалгын булчин халхлагдан оршдог боловч уг булчингийн хөгжилт гарын хоёр толгойт булчингийн хэлбэр галбирт ихээхэн үүрэгтэй байдаг. Бугалгын булчин шууг тохойгоор нугалахад оролцдог. Хоёр толгойт булчинг бицепс гэж нэрлэдэг. Бугалганы хойт хэсэгт морины тахны хэлбэртэй том булчин байдгийг гарны гурван толгойт булчин буюу трицепс гэнэ. Урт толгойт хэсэг нь далнаас мөн доод буюу гадаад хэсэг гэж нэрлэгддэг хэсэг нь мөрний яснаас эхлээд бүгд нэгэн шөрмөсөөр тохойн ясны шонтгорт бэхлэгдсэн байдаг. Энэ булчингийн үүрэг нь гарыг тохойгоор /гурван толгойт булчинд халхлагдан байрласан тохойн булчингийн хамт/ тэнийлгэхэд оршино. Гарыг тохойгоор тэнийлгэхдээ хүндрүүлэгч ашиглавал гурван тохойт булчин сайтар ажиглагддаг. Гарын булчингийн ихэнх хэсэг нь гурван толгойт булчинд оногддог. Гарын шуу нь хойд хэсэгтээ бага зэрэг товойсон булчинтай дээд хэсэг нь булчинлаг үзүүрт нь гарын сарвууны шөрмөсүүд салбарласан байдаг.
Шууны булчинг 3 бүлэгт хуваана. Үүнд :
1. Урд хэсэг буюу гарын алганы дагуух нугалагч булчингууд
2. Эсрэг талд нь орших тэнийлгэгч булчингууд буюу гарын сарвууны хөдөлгөөнийг хангагч булчингууд болно.
3. Мөн сарвуу алганы үеэр хөдөлгөхөд оролцдог булчингууд.

Цээжний булчингийн онцлог, үүрэг. Биеийн урд хэсгийн буюу цээжний том булчин нь хүчтэй булчинд хамрагддаг. Эдгээр булчин барилдах, юм цохих, хүндийг өргөх зэрэг олон хөдөлгөөнд оролцдог. Цээжний булчингийн эдүүдийн 83-84% их, 16-17% нь бага хэсгүүдэд оногддог. Цээжний том булчин өвчүүг мөртэй холбодог, дэвүүр хэлбэртэй байдаг учраас янз бүрийн чиглэлд олон давтамжаар мөрний хэсгийн хөдөлгөөнд дэм болон оролцдог. Цээжний булчинг хийсвэрээр гурван хэсэгт хуваан авч үздэг. Ингэснээр цээжний араг яс, түүний булчинг хөгжүүлэх дасгалыг сонгон авахад дөхөмтэй.
• Дээд судал /эгэмний/
• Дунд судал /хавирганы/
• Доод судал /хэвлийн/
Цээжний бага булчин мөн дэвүүр хэлбэртэй боловч том булчинд халхлагдан цаана нь байдаг. Урд талын шүдлэг булчингууд нь 3-4 булчингийн судлын нэгдэл мэт харагддаг. Бусад хэсэг нь цээжний том булчингийн хэсэгт халхлагдан оршдог. Эдгээр булчингууд гарыг дээш өргөхөд сайн харагддаг. Шүдлэг булчин гарын бүслүүр хавиргыг бэхлэхэд оролцдог. Цээжний араг яс булчинг хөгжүүлэхэд янз бүрийн дасгал хийнэ. Ямар зорилгод хүрэхээс хамаарч арга зүйн хувьд зөв хөтөлбөр сонгон авах нь чухал. Мөн зайлшгүй шийдвэрлэх ёстой нэмэлт зүйлс ч урган гардаг. Цээжний булчин ачааллыг хурдан мэдэрч түргэн хөгжиж хүчтэй болдог. Их биеийн галбирыг гагцхүү сайтар хөгжсөн булчингаар төдийгүй өргөн цээжний араг ясаар тодорхойлох нь бий. Хавчгар жижиг араг ясан дээр булчин их эвгүй харагддаг. Цээжний арагны эзэлхүүнийг уушигны эзэлхүүн тодорхойлдог. Уушигны хэмжээ тэлэх, агших хөдөлгөөн, амьсгалын идэвхитэй хөдөлгөөний болон агааржилтын бололцоо зэрэг нь бусад эрхтний үйл ажиллагаанд нөлөөлдөг.

1 Сэтгэгдэлтэй:

Post a Comment